ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12-р сарын 08-ны өдөр “Гэрийн тэжээмэл амьтны тухай хууль” (цаашид “Хууль” гэх)-ийг 9 бүлэг, 41 зүйлтэйгээр баталсан. Уг хуулийг 2024 оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Нэг. Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаа, түүний асран хамгаалагч
Хуулийн 3.1.3-т "гэрийн тэжээвэр амьтан гэж ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн, хүнтэй хамт амьдрах боломжтой уламжлагдан маллаж ирсэн таван хошуу мал, ашиг шимийг нь ашиглах зорилгоор гэршүүлэн үржүүлж байгаа амьтан, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэнээс бусад амьтныг хэлнэ” гэж заасан.
Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй, нохой муурын асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан, тэжээвэр амьтныг өөрийн нэр дээр бүртгүүлсэн иргэн байна. Ийнхүү бүртгүүлэхдээ мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр бичил чип суулгуулж, харьяа баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ.
Дээр заасан асран хамгаалагчийн эрх нь гэрийн тэжээвэр амьтан, эзэнгүй амьтан болон түүний үр төлийг асран хамгаалалтад авч, өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар үүснэ. Харин түр харагч нь тэжээвэр амьтныг худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлэхээс бусдаар асран хамгаалагчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Хоёр. Нохой муурын нэгдсэн бүртгэл, тэдгээрийг үржүүлэх ажиллагаа
Хуулийн 3 дугаар бүлэгт асран хамгаалагч, нохой муур үржүүлэгч нь нохой, муурыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр бичил чип суулгуулж, харьяа баг хорооны Засаг даргад бүртгүүлэхээр заасан. Ийнхүү бүртгүүлдэг болсноор асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэж, улс болон орон нутгийн хэмжээнд байгаа нохой, муурын тоо толгойг гаргах эерэг үр дагавартай.
Нохой, муур үржүүлэх ажиллагааг зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхлэх ба зөвхөн уг байгууллага нохой муурыг худалдах эрхтэй байна. Нохой, муурын үр төлийг төрснөөс хойш гурван тун урьдчилан сэргийлэх тарилга болон туулгалтад хамруулсны дараа бусдад шилжүүлж болно.
Гурав. Эзэнгүй амьтантай холбоотой харилцаа
Хуулийн 3.1.12-т "эзэнгүй амьтан гэж бусдын асран хамгаалалт, хараа хяналтаас гадуурх гэрийн тэжээвэр амьтныг хэлнэ” гэж заасан.
Хуулийн 4-р бүлэгт эзэнгүй амьтантай холбоотой харилцааг зохицуулсан ба бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг буудаж устгах замаар бус хуульд заасан зарчмыг баримтлан бууруулахаар заажээ.
Мөн үржил хязгаарлах арга хэмжээ болон эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллагаар эзэнгүй амьтдын тоо толгойг бууруулах арга хэмжээг авна.
Түр байрлуулан асрамжлах газар нь хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувиллаас 400 метрийн дотор эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Иргэн, хуулийн этгээд түр байрлуулан асрамжлах газраас эзэнгүй амьтныг хүлээн авахыг шаардах эрхгүй.
Дөрөв. Гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах
Гэрийн тэжээвэр амьтныг сугалаа, шагнал, урамшуулалд олгох, олгохоор амлах, сурталчлах мөн иргэн бусдын гэрийн тэжээвэр амьтныг биеэ хамгаалах сэдэл төрүүлэхүйц үйлдэл гаргах, түүний эсрэг хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.
Гэрийн тэжээвэр амьтан бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж тухайн амьтныг албадан унтуулах арга хэмжээ авах ба унтуулахад гарсан зардлыг асран хамгаалагч хариуцна.
Дүгнэлт: Монгол Улсын хувьд нүүдлийн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх бодлого баримталдаг ба сүүлийн жилүүдэд суурьшин амьдрах үйл явц эрчимжсэнээс үүдэн гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулах шаардлага бий болсон. Иймд гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдсанаар эзэнгүй амьтдын тоо цөөрч, нийгмийн хариуцлага нэмэгдэж, мөн амьтны эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдэж байна.
--о0о--