ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ БАТЛАГДЖЭЭ

УИХ-аас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
 
Тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааралтайгаар ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос ялгавартай тогтоох бөгөөд шимтгэл төлөх ажил мэргэжлийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээ, хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална” заасан.
 
Дээрх чиг үүргийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 471 дүгээр “Журам, жагсаалт батлах тухай” тушаалаар “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл төлөх ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ыг баталсан байна. 
 
Журамд зааснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааралтайгаар ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос шимтгэлийн хэмжээг 0.5, 1.5, 2.5 хувиар ялгавартайгаар тогтооно.
 
Шимтгэлийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан “Үндэсний ажил мэргэжлийн ангилал, ба тодорхойлолт “ҮАМАТ”-08”-ыг баримтална.
 
Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /НД-7, НД-8/-д тусгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнана.
 
Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл төлөх хувийг буруу тодорхойлсон, шимтгэлийн тайланд буруу тайлагнасан бол шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
Мөн дээрх тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 1.5 хувиар төлөх ажил мэргэжлийн жагсаалт"-ыг, 2 дугаар хавсралтаар "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2.5 хувиар төлөх ажил мэргэжлийн жагсаалт"-ыг тус тус баталсан байна.