ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ ХОЛБОГДСОН БАРИМТ БИЧГИЙГ ХЭВЛҮҮЛЭХ, АШИГЛАХ ЖУРМЫН ТАЛААР
Тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг хэвлүүлэх, ашиглах журмыг шинэчлэн тээвэр хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Зам, тушаалаар баталсан. Тус журам нь Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ашиглагдах зорчих тасалбар, ачааны дагалдах бичиг, замын хуудас болон тээвэрлэлттэй холбогдсон бусад баримт бичгийг хэвлүүлэх, ашиглахтай холбогдсон харилцаанд үйлчилнэ.
НЭГ. Тээвэрлэлтийн баримт бичигт дараах баримт бичгүүд гэдэгт:
1. Зорчих тасалбар (төлбөрийн карт);
Зорчих тасалбарын тухайд зорчигчийн мэдээлэл чиглэлийн нэр, дугаар, суудлын дугаар хөдлөх, хүрэх цаг, зорчих үнэ, тасалбарын дугаар олгосон байгууллагын нэр, огноо автотээврийн хэрэгслийн улсын дугаар бичигдсэн байх ба эдгээр мэдээллийг багтаасан QR код байна. Зорчигчийн тээш, илгээмжийн ачааг бүртгэн коджуулж, баримтыг шууд хэвлэн олгох ажлыг тухайн үйл ажиллагааг зохион байгуулагч нар хэрэгжүүлнэ.
2. Тээвэрлэлтийн дагалдах бичиг гэдэг нь зорчигч тээврийн дагалдах бичиг, ачаа тээврийн дагалдах бичиг, улс хоорондын тээвэрлэлтийн дагалдах бичиг гэсэн төрөлөөс бүрдэнэ .
Ачаа тээврийн дагалдах бичигт:
1.Ачаа илгээгч, хүлээн авагчийн нэр ,хаяг;
2.Тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, жолоочийн мэдээлэл;
3.Автотээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, ачааны тухай мэдээлэл зэргийг багтаасан QR код байна.
Зорчигч тээврийн дагалдах бичигт:
1. Тээвэрлэгч аж ахуйн нэгжийн нэр, хаяг;
2. Жолоочийн мэдээлэл;
3. Автотээврийн хэрэгслийн марк, улсын дугаар;
4. Тээвэрлэлтийн чиглэл, дугаар, аяллын зай;
5. Зорчигч тус бүрийн мэдээллийг агуулсан жагсаалт, тээшийн тоо, жингийн талаарх мэдээлэл, олгосон байгууллагын нэр зэрэг мэдээллүүдийг багтаасан байна.
Хот хоорондын тээвэрлэгч жолооч нь автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дотоодын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах эрх олгосон байгууллагын ачаа тээврийн бүртгэлийн систем, эсхүл өөр бусад ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээний програмд мэдээллээ оруулж, QR код буюу цахим замын хуудас авна.
Улс хоорондын болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйл ажиллагаанд автотээврийн харилцааны талаар олон улсын гэрээ хэлэлцээрээр харилцан тохиролцсон тээвэрлэлтийн баримт бичгийг ашиглана.
3. Замын хуудас нь автотээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, замын хуудас олгосон тээвэрлэгчийн нэр, тэмдэг, ачааны нэр, төрөл, зэрэглэл, тоо, жин, жолоочийн талаарх мэдээлэл, хяналтын бүртгэл, эмчийн үзлэгийн тэмдэглэл, ажилд гарсан, ажлаас буусан цаг, минут, сул болон нийт гүйлт, тээвэрлэлтийн чиглэл, зай, аяллын дугаар, технокийн бүрэн бүтэн байдлыг шалгаж ажилд гарахыг зөвшөөрсөн албан тушаалтан, жолоочийн гарын үсэг хамаарах ба дээрх мэдээллийг агуулсан QR код байна.
4. Жолоочийн хөдөлмөр, амралтын горимын тэмдэглэлийн хуудаст жолоочийн унтаж амарсан хугацаа, цай, хоол идсэн хугацаа, автомашин тасралтгүй жолоодсон хугацаа, жолоодохоос өөр ажил үүрэг гүйцэтгэсэн хугацаа, автомашины километрийн заалт, хяналт тавих эрх бүхий этгээдийн тэмдэглэлийн хэсэг зэрэг багтсан байна.
5. Олон улсын ачаа, зорчигч тээврийн зөвшөөрлийн бичиг нь улс хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээнд ашиглах тээвэрлэлтийн баримт бичгийн мэдээлэл нь монгол болон хөрш орны хэл дээр, эсхүл монгол болон англи хэл дээр давхар бичигдсэн байна.
ХОЁР. Тээвэрлэлтийн баримт бичиг хэвлүүлэх, ашиглах
Зорчих тасалбар, олон улсын ачаа, зорчигч тээврийн зөвшөөрлийн бичгээс бусад тээвэрлэлтийн баримт бичгийг баталсан жишиг загварын дагуу цахим хуудаснаас татан авч хэвлэн ашиглаж болно. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон байгууллага нь олон улсын ачаа, зорчигч тээврийн зөвшөөрлийн бичгийг хэвлэх, холбогдох газарт хүргүүлэх ажлыг зохион байгуулж, тухайн зөвшөөрлийн хүрээнд тээвэрлэсэн ачааны мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлж ажиллана.
Олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлтийн баримт бичгийг үнэн зөв засваргүй бөглөх үүргийг тээвэрлэгч хүлээх ба тээвэрлэлтийн баримт бичиг нь нэгдсэн байдлаар уншигдах боломжтой байна.
Хот хооронд, орон нутагт зорчих тасалбарыг санхүүгийн баримт болгон ашиглах тохиолдолд хоёр үсэг, найман оронтой тоо, сери бүхий дугаартай тасалбарыг энэхүү журмын баталсан жишиг загварын дагуу хэвлэн олгоно. Аж ахуйн нэгж, байгууллага нь тээвэрлэлтийн баримт бичгийг санхүүгийн баримтын нэгэн адил үзэж, тайлан, тооцоонд ашиглаж болно.
Зорчих тасалбарыг ашиглах боломжгүй болгосон, үрэгдүүлсэн тохиолдолд олгосон байгууллагад цахим шуудан болон утсаар мэдэгдэж шийдвэрлүүлнэ. Тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэд тээвэрлэлтийн баримт бичгийг хуурамчаар үйлдэхгүй, бусдад шилжүүлэхгүй, дамжуулан худалдахгүй байх үүрэгтэй.