НИЙТИЙН ӨМЧИЙН СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ ХУВИЛАН ОЛШРУУЛАХ, ГЭРЭЛ ЗУРАГ, ДҮРС БИЧЛЭГ ХИЙХ ЖУРАМ

Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 40 тогтоолын хавсралтаар уг журмыг баталсан. 
 
Энэхүү журмаар нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
 
Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх үйл ажиллагаанд Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Музейн тухай, Зөвшөөрлийн тухай, Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж болон энэ журмыг мөрдөнө.
 
Соёлын биет өвийг хувилан олшруулах
Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, нийтэд мэдээлэх асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.
 
Иргэн, хуулийн этгээд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хувилан олшруулах үйл ажиллагааг эзэмшигч байгууллагатай нь, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хувилан олшруулах үйл ажиллагааг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж, гүйцэтгэнэ. 
 
Хувилан олшруулсан эхийн нүдэнд үл харагдах хэсэгт "ХУУЛБАР /..он../" гэсэн бичвэрийг арилахгүй, устахгүй байхаар бичнэ.
 
Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулахад ашигласан хэв, дардас, бусад зүйлийг гэрээнд оролцогч талуудыг байлцуулан нэн даруй устгалд оруулна.
 
Гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх
Иргэн, хуулийн этгээд нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх бол хүсэлтээ тухайн ажил эхлэхээс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч байгууллагад гаргана.
 
Нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшигч гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зорилгоор түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6.11-д заасан зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авна.
 
Нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдээс түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх хүсэлт гаргасан бол соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.
 
Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулсан, энэ журамд заасны дагуу гэрээ байгуулж зураг авсан, дүрс бичлэг хийсэн талаарх мэдээллийг соёлын биет өвийн бүртгэлд бүртгүүлж, мэдээллийн санд хадгална.
 
----о0о----