ДААТГУУЛАГЧ ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ, ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ

Энэхүү Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэмж олгох журам нь Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 438 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан байна.
 
Тус журмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасны дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох болон ажилгүйдлийн тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, даатгуулагчид тэтгэмж олгох харилцааг зохицуулна.
 
Тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичиг
Нийгмийн даатгалд албан журмын хэлбэрээр даатгуулсан даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан бол ажил олгогч дараах баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ:
Эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас;
Тэтгэмж авах даатгуулагчийн мэдээлэл (овог, нэр, регистр, банкин дахь дансны дугаар).
Даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахдаа эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг цаасан, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ.
 
Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж авахад дараах баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ:
Даатгуулагчийн нас барсны гэрчилгээний хуулбар, эсхүл эрх бүхий байгууллагын лавлагаа;
Гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл эрх бүхий байгууллагын лавлагаа;
Амьгүй донор болсон тухай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт.
 
Даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авахад дараах баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ:
Даатгуулагчийг ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэр, шийдвэрт хамаарах хугацаа нь дуусгавар болж буй ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон эдгээртэй адилтгах бусад гэрээ;
Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлсэн тухай тодорхойлолт.             
Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах бол хүсэлтээ энэ журмын 2.1, 2.3-т заасан баримт бичгийн хамт нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор гаргана.
Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж авах бол  хүсэлтээ энэ журмын 2.4-т заасан баримт бичгийн хамт нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр даатгуулагчийг нас барснаас хойш 6 долоо хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор гаргана.
Даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах бол хүсэлтээ энэ журмын 2.5-д заасан баримт бичгийн хамт нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэр гарсан өдрөөс хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор гаргана.
Ажил олгогч энэ журмын 2.2-т заасан баримт бичгийг хүсэлтийн хамт нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор хянаж хүргүүлнэ.
Энэ журмын 2.6, 2.7, 2.8, 2.9-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль (шинэчилсэн    найруулга)-ийн 2.1.5-д заасныг ойлгоно.
Ажил олгогч, даатгуулагч тэтгэмж авах хүсэлт, баримт бичгийг нийгмийн даатгалын байгууллагад холбогдох цахим системээр илгээнэ.
Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санг үндэслэн, энэ журмын 2.4.1-д заасан даатгуулагчийн нас барсны гэрчилгээ, 2.5.2-т заасан хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлсэн тухай тодорхойлолтыг холбогдох байгууллагын мэдээллийн санд үндэслэн тодорхойлно.
 
Нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр даатгуулсан даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авахдаа эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг цаасан, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ.
 
Мөн Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох, Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг тодорхой зохицуулж өгсөн байна.
 
--000--