СОНГУУЛИЙН ХОРООДОД АЖИЛЛАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №15 дугаар тогтоолоор “Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам”-ыг шинэчлэн баталсан байна.
 
Уг журмын зорилго нь сонгуулийн хороодод ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад сонгуулийн хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгохтой холбогдсон харилцааг зохицуулна. 
 
        Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт нь:
1. Гэрчилгээ олгох сургалт;
2. Арга зүйн давтан сургалт гэсэн 2 төрөлтэй байна. 
 
Сонгуулийн ерөнхий хорооны тамгын газрын сургалт хариуцсан нэгж нь сургалт зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ. Сургалт хариуцсан нэгж нь сургалт зохион байгуулагдах тухай мэдээллийг холбогдох байгууллагад албан бичгээр урьдчилан мэдэгдэж, Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлнэ. 
 
Гэрчилгээ олгох сургалтын бүртгэлийг нээлттэй зохион байгуулна. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч нь сургалтад хамрагдах хүсэлтээ “Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан”  цахим системд бүртгүүлэх бөгөөд өөрийн мэдээллийг үнэн зөв мэдүүлж, төрийн захиргааны болон үйлчилгээний албанд томилогдсон шийдвэрийн хуулбарыг хавсаргаж өгнө. 
 
Сургалт хариуцсан нэгж нь гэрчилгээ олгох сургалтад хамрагдах төрийн албан хаагчдын мэдээллийг цахим системээр хүлээн авч, холбогдох баримт бичиг мэдээллийг нягтлан шалгаж, бүртгэлийг баталгаажуулна. 
Гэрчилгээ олгох сургалтыг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд: 
1. Сургалт хариуцсан нэгж батлагдсан хөтөлбөрийн дагуу боловсруулсан хичээлийг цахим системд байршуулна. 
2. Гэрчилгээ олгох сургалтад бүртгүүлсэн албан хаагчид цахим системд байршуулсан хичээлийг бие даан судална. 
 
Цахим системд байршуулсан гэрчилгээ олгох сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу бүрэн судалсан албан хаагчид байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах гэрчилгээг олгоно. 
 
Арга зүйн сургалтыг сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан албан хаагчдад батлагдсан хөтөлбөрийн дагуу цахимаар болон танхимаар зохион байгуулна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод нь сум, дүүргийн болон хэсгийн хороодод арга зүйн сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу цахимаар болон танхимаар зохион байгуулж болно. 
 
Сургалт зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг сонгуулийн төсөвт тусган тухай бүр санхүүжүүлнэ.