НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНААР ӨВЛӨХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ
Нотариатын тухай хуульд зааснаар өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох нь нотариатын эрхлэх нотариатын үйлдлийн нэг төрөл бөгөөд өвлөх эрхийг баталгаажуулах үйлдэл болно. Нотариатчаас гадна өвлөх эрхийн гэрчилгээг нотариатын үүрэг гүйцэтгэгч болох нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хавсран эрхэлж байгаа сумын Засаг даргын тамгын газрын дарга болон Монгол Улсын дипломат төлөөлөгч, консулын газар олгож болно. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо дараахь баримт бичгийг үндэслэнэ. Үүнд:
- Хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг,
- Өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр,
- Өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг,
- Хууль ёсны өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр,
- Өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
Өвлөгч өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгч болох Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1, 520.1.2 дахь хэсэгт зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх орох бөгөөд эдгээр өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ өвөлчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээг олгоно.
Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн 522,531,533 дугаар зүйлд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно. Төр буюу хуулийн этгээдэд эд хөрөнгө гэрээслэгч нь түүний зориулалтыг зааж болно.
Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ. Ийнхүү заавал өвлүүлэх хэсгийн хэмжээг тодорхойлохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгийг оролцуулан тооцно.
Хуульд заасан өвлөх эрхтэй нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх этгээд өвлөх эрхээ хасуулсан тохиолдолд энэ хуулийн дээрх өвлөгчид хамаарахгүй. Өв нээгдэхээс өмнө гэрээслэлд заасан өв залгамжлагч нас барсан буюу өвийг хүлээн авахаас татгалзсан бол гэрээслэгч нь өөр өв залгамжлагчийг томилж болно.
Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана. Ингээд хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно. Хэрэв гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг нэг жил болохоос өмнө олгож болно.
Өвлөх эрх бүхий этгээд байхгүй тохиолдолд гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч гэрээслэлээ үзүүлснээр олгоно. Эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэх гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгууллагад олгоно.
Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа бол өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлөөр өвлөгчид олгоно. Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдөх хүртэл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно.