НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журмыг 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 91 дүгээр Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталсан. Тус журам нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан бөгөөд Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрлийг сааруулах зорилгоор хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын шийдвэрийн дагуу улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөөс бусад газар чөлөөлөх харилцаанд энэ журам үйлчлэхгүй.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд үндэслэн газрыг дараах зориулалтаар чөлөөнө. Үүнд:
1. Боловсролын үйлчилгээ;
2. Эрүүл мэндийн үйлчилгээ;
3.Нийгмийн халамжийн үйлчилгээ;
4.Нийтийн номын сан, соёлын байгууллага;
5.Спортын байгууламж;
6.Эрчим хүч;
7.Дулаан хангамж;
8.Ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж;
9.Харилцаа холбооны шугам, сүлжээ;
10.Авто болон төмөр зам, гүүр, нүхэн гарц, гарам;
11.Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа;
12.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хангах үйл ажиллагаа;
13.Хог хаягдлыг зохистой хаях, хадгалах, устгах;
14.Тохижилт, цэцэрлэгжүүлэлт;
15.Явган зам, дугуйн зам;
16.Нийтийн хэрэгцээний авто зогсоол;
17.Нийтийн тээвэр, дүүжин тээвэр;
18.Гэр хорооллыг орон сууцжуулах.
Гэр хорооллыг орон сууцжуулах зориулалтаар нийслэл хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвийн байршилд газрыг тэргүүн ээлжид чөлөөлнө.
Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 (жар) хоногт багтаан газар чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлнэ.
Газар чөлөөлөх үйл ажиллагааг Нийслэлийн газрын алба хариуцан зохион байгуулна. Төслийн талбарыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дэд хэсэгт хувааж, газар чөлөөлөх үйл ажиллагааг санал авах; нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх; нөхөх олговрыг харилцан тохиролцох; газар чөлөөлөх гэрээ байгуулах; газар өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэх, дуусгавар болгох; газрыг төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгөх; газрыг төсөл хэрэгжүүлэгчид эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах үе шаттай хэрэгжүүлнэ.
Газар чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх албан хаагч таних тэмдэг, төслийн болон хариуцсан албан хаагчийн мэдээлэл (QR кодтой)-ийг агуулсан ажлын үнэмлэх, иж бүрэн хамгаалах хувцас, хэрэгсэлтэй байна.
Нөлөөлөлд өртөгчид олгох нөхөх олговрыг хөрөнгийн үнэлгээтэй нь дүйцүүлэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нөлөөлөлд өртөгч газрыг газраар дүйцүүлэн олгох; газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр дүйцүүлэн олгох; газрыг нөхөх олговрын мөнгөн хэлбэрээр худалдан авах; ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийн батламж; нийслэлийн өмчийн эд хөрөнгийг давуу эрхээр эзэмших, түрээслэх эрхийн хэлбэрээр нөхөн олговор олгоно. Нөлөөлөлд өртөгч нь дээрх нөхөх олговрын хэлбэрээс сонгох бөгөөд нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн 65 ба түүнээс дээш настай, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, эсхүл 14 хүртэлх насны 3 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нөхөх олговрын хэлбэрийг тэргүүн ээлжид санал болгож, сонгох боломжийг олгоно. Нөхөх олговрын хэлбэрүүдийг нөлөөлөлд өртөгчийн хүсэлтээр харилцан тохиролцож, хослуулан олгож болно.