ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ, АЖИЛТАНД МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын Сургууль, политехник коллежийн багш, ажилтанд Мөнгөн тэтгэмж олгох журмыг 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 104 дүгээр Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталсан. Тус журам нь сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйч болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, арга зүйч, номын санч, эмч, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэнд  улсын төсвөөс мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой үйл ажиллагаа зохицуулна. 
 
Энэ журмаар тэтгэмж авах багш, ажилтан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол энэ журамд заасан тэтгэмж олгохгүй.
 
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дараах багш, ажилтанд доор дурдсан хэмжээгээр мөнгөн тэтгэмжийг олгоно. 
 
- Сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйч эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний;
- Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багшид таван жил тутамд нэг удаа арван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний;
- Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, арга зүйч, номын санч, эмч, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэнд эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.  
 
Сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйч болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, арга зүйч, номын санч, эмч, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэнд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж томилогдсон өдрөөс хойш тасралтгүй таван жил (60 сар) болон дараагийн гурав дахь жил (36 сар) ажилласан байна. 
 
Багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд дараах хугацааг хамааруулан тооцно:  
- ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;
- хууль, тогтоомжийн хүрээнд гэр бүлийн гишүүнийг 3 хүртэл сараар сахиж, асарсан хугацаа;
- эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа;
- гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан ажилласан хугацаа;
- тухайн албан тушаалд туршилтын хугацаагаар ажилласан хугацаа;
- байгууллагын захиалгаар, төрийн зардлаар 6 хүртэлх сарын хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа;
- жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа.