АЙМАГ, СУМЫН НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ

Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид 5 жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно.
 
Мөнгөн тэтгэмж олгоход тавигдах шаардлага
Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагч аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад тасралтгүй 5 жил /60 сар/ажилласан бол түүнд 5 жил тутамд нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно.
 
Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагаас нийслэлд шилжин ажиллаж байгаад аймаг, суманд эргэн томилогдсон бол өмнө нь ажиллаж байсан хугацааг нэмж тооцохгүй бөгөөд тухайн аймаг, суманд томилогдсон өдрөөс эхлэн хугацааг шинээр тооцно.
 
Мөнгөн тэтгэмж олгох хугацаа,хэмжээг тодорхойлохдоо
 Дараах хугацааг энэ журамд заасан тасралтгүй ажилласан 5 жилд  хамруулан тооцно:
Нэг буюу хэд хэдэн аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад томилогдсон болон шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан хугацаа;
Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад ажиллаж байхдаа жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа;
Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад ажиллаж байхдаа үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;
Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад ажиллаж байхдаа баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг      үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гарсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
 
Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад ажиллаж байхдаа хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд тооцохгүй.
 
Мөнгөн тэтгэмжийн хэмжээг тодорхойлохдоо Шүүх шинжилгээний тухай хуульд заасныг баримтлан тухайн алба хаагчийн сүүлийн 60 сарын хугацаанд эрхэлж байсан албан тушаалын үндсэн цалингийн дунджийг 30 дахин нэмэгдүүлж тооцно.
 
Мөнгөн тэтгэмж олгох
Шаардлага хангасан алба хаагч мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өөрийн ажиллаж байгаа шинжилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд бичгээр гаргана.
 
Энэ журамд заасан удирдах албан тушаалтан алба хаагчийн хүсэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 01ний өдрийн дотор Шүүх шинжилгээний төв байгууллагад дараах баримтын хамт хүргүүлнэ:
Тухайн алба хаагчийн бичгээр гаргасан хүсэлт;
Тухайн алба хаагчийг томилсон шийдвэрийн хуулбар;
Сүүлийн 60 сард эрхэлж байсан албан тушаалын цалингийн тодорхойлолт;
Энэ журамд заасан шаардлага хангасныг гэрчлэх баримт бичиг;
Шаардлагатай тохиолдолд бусад баримт бичиг.