ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНААС ОНОГДУУЛСАН ТОРГОХ ШИЙТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ ТООЦОХ ХУГАЦАА, АРГАЧЛАЛ

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/42, А/71 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал”-ыг баталлаа. 
 
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлэн тооцох, шийтгэл биелүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү аргачлалыг баримтална.
 
Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан шийдвэрээ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.4 дэх заалтад заасны дагуу мэдэгдсэн үеэс торгох шийтгэлийг биелүүлэх хуульд заасан хугацаа тоологдоно.
 
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан торгох шийтгэлийн хэмжээг хугацаа хэтрүүлсэн сар бүр 10 хувиар нэмэгдүүлэн тооцно. Шийтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэн тооцох нийт хугацаа 5 сараас, нийт хувь хэмжээ нь торгох шийтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.
 
Дээрх хугацаа дуусмагц эрх бүхий албан тушаалтан дараах шийдвэрийг гаргаж, харьяалах шүүхэд даруй хүргүүлнэ. Үүнд:
- хуулийн этгээд нь оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийг төлөөгүй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт;
- хүнд оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийн нийлбэр нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс доош бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт;
- хүнд оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийн нийлбэр нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих санал.
 
Эрх бүхий албан тушаалтан аргачлалын 2.4 дүгээр зүйлийн 2.4.3-т заасан саналыг зөрчил үйлдсэн хүнд танилцуулж, оршин суугаа (оршин байгаа) газар, эсхүл тухайн зөрчил гаргасан харьяаллын шүүхэд хүний хамт хүргүүлнэ.
 
Зөрчил үйлдсэн хүн оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийг аргачлалд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үлдсэн хэмжээнээс хамааран дээр заасан шийдвэрээс аль тохирох шийдвэрийг гаргана.
 
Зөрчил үйлдсэн хүн оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийг аргачлалд заасан хугацаа дууссаны дараа төлсөн нь нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.