ХИЛ ОРЧМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ

Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 142 дугаар тогтоолын хавсралтаар баталсан уг журмаар Монгол Улсын хил орчмын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагааг хууль зүйн болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маршрутын дагуу зохион байгуулна. Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагаанд  бүлэг жуулчид (8 буюу түүнээс дээш) хамрагдана.
 
Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тур оператор нь Улсын хил хамгаалах байгууллага болон бүлэг жуулчдыг дараах мэдээллээр хангаж ажиллана:
Бүлэг жуулчдын хил нэвтрэх боомт болон аяллын маршрутын мэдээлэл;
Бүлэг жуулчдын хоноглох байршуулах хэрэгслийн мэдээлэл;
Бүлэг жуулчдыг тээвэрлэх тээврийн хэрэгсэл, түүний аюулгүй байдал, бүрэн байдлын талаарх мэдээлэл;
Аяллыг хөтлөн явуулах жуулчны хөтөч-тайлбарлагч болон жолоочийн мэдээлэл;
Аяллын даатгалын мэдээлэл. 
 
Тур оператор нь жуулчдын Монгол Улсын хил нэвтэрснээс хойш эргэн хилээр гарах хүртэлх аюулгүй байдлыг хариуцах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.
 
Монгол Улсын хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрийн үйл ажиллагаанд хамрагдах бүлэг жуулчид, жуулчны хөтөч-тайлбарлагч, жолооч нар дараах баримт бичгээр Монгол Улсын хил нэвтэрнэ:
Монгол Улсын хилийг бүлэг жуулчид нэрсийн жагсаалтаар нэвтрэх бөгөөд жагсаалтад аялал зохион байгуулж байгаа тур операторт бүртгүүлсэн жуулчин бүрийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, албан ёсоор оршин суух хаяг, "орох, гарах зорчих үнэмлэхийн дугаар", автотээврийн хэрэгслийн дугаар болон холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг бусад мэдээллийг тусгасан байна;
Бүлэг жуулчны хөтөч-тайлбарлагч нь Улсын хил хамгаалах байгууллага болон Аялал жуулчлалын тухай хуульд заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс олгосон "Хил орчмын аялал жуулчлалын Жуулчны хөтөч-тайлбарлагч"-ийн үнэмлэхээр хил нэвтэрнэ;
Энэ журамд заасан бүлэг жуулчны хөтөч-тайлбарлагч нь гадаад улсын иргэн байх тохиолдолд тухайн улсын эрх бүхий байгууллагаас Монгол Улсад нэвтрэх үнэмлэхийг авсан байна;
Бүлэг жуулчдыг тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон зорчигч тээвэрлэх, жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах тур оператор хилээр нэвтрэхдээ бүлэг жуулчны нэрсийн жагсаалт, жуулчны хөтөч-тайлбарлагч, жолоочийн мэдээллийг бүрдүүлж Улсын хил хамгаалах байгууллагад өгнө.
Жуулчны хөтөч-тайлбарлагч, бүлэг жуулчид хил нэвтрэх баримт бичгээ гээж үрэгдүүлсэн тохиолдолд энэ талаар харьяалах улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, үнэмлэхээ үрэгдүүлснийг нотолсон бичигтэйгээр хил нэвтэрнэ.
Хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт аялах бүлэг жуулчид биеийн давхцахгүй өгөгдлийг шалгуулан улсын хилээр нэвтэрнэ.
 
Хил дамнасан аялал жуулчлал
Арга хэмжээнд оролцогчид Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхдөө зөвхөн Улсын хил хамгаалах байгууллагын заасан боомтоор хил нэвтэрч, батлагдсан маршрутын дагуу зорчино.
Арга хэмжээ зохион байгуулагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хүсэлтийг доор дурдсан мэдээллийн хамт аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад арга хэмжээ зохион байгуулахаас    15-30 хоногийн өмнө хүргүүлнэ:
Арга хэмжээний зорилго, оролцогч улсууд, явагдах үйл ажиллагааны төрөл, онцлог, аюулгүй байдлыг хангах мэдээлэл, түр буудаллах хугацаа болон бусад шаардлагатай мэдээллийг агуулсан танилцуулга;
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх оролцогчдын нэрсийн жагсаалт;
Монгол Улсын хилээр нэвтрэх автотээврийн хэрэгслийн жагсаалт;
 
Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журамд заасан мэдээллийг Улсын хил хамгаалах байгууллага болон оролцогч бусад байгууллагын саналыг авч хамтран ажиллана.