НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨМЖ

1. Нэмэлт санал хураалт явуулах
Нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь жагсааж мандатын тоогоор таслахад нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэний улмаас мандатад хуваарилагдах боломжгүй болсон бол тухайн тойрогт нэмэлт санал хураалт явуулна.
 
Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт саналт хураалт явуулахаар хуульчилсан.
 
Нэмэлт санал хураалтад санал нь тэнцсэн нэр дэвшигчдийг оруулах бөгөөд эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг нэмэлт санал хураалтад оролцуулна. 
 
Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно. 
 
Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
 
Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна. 
 
Хуульд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах тохиолдолд Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулна. 
 
2. Нэмэлт санал хураалт явуулах зардал, сонгуулийн сурталчилгаа
Нэмэлт санал хураалт явуулах зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ. 
 
Нэмэлт санал хураалт дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.