ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/262 дугаар тушаалаар “Төрөлжсөн сургалт зохион байгуулах журам”-ыг хавсралтаар баталсан билээ.
 
Ерөнхий боловсролын сургууль дунд ангиас эхлэн доор дурдсан чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх төрөлжсөн сургалт зохион байгуулж болно:
1. Монгол хэл, үндэсний бичиг;
2. Монголын түүх, соёл, гүн ухаан;
3. Ажил мэргэжлийн чиг баримжаа;
4. Хими;
5. Биологи;
6. Физик;
7. Газар зүй;
8. Математик;
9. Техник-технологи;
10. Дизайн технологи;
11. Мэдээллийн технологи;
12. Урлаг;
13. Спорт;
14. Гадаад хэл.
 
Төрөлжсөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө нь доор дурдсан шаардлага хангасан байна:
Тухайн чиглэлийн төрөлжсөн сургалтын цагийн хэмжээ нь долоо хоногт дөрвөн цагаас хэтрэхгүй байх;
Сургалтын төлөвлөгөөг ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөний бүтцээр, мөн долоо хоногт дөрвөн цагаас хэтрэхгүй байх;
Сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн бүтцээр, сургалтын төлөвлөгөөнд үндэслэх;
Төрөлжсөн сургалтын хөтөлбөрийн агуулгыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг өргөсгөн гүнзгийрүүлж, мэргэшлийн суурь хэсгийн агуулга хүртэлх түвшингээр тогтоох;
Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10.1-д заасан үзэл баримтлалын холбогдох заалтыг үндэслэх;
Сургалтын хөтөлбөрийг эрх бүхий байгууллагаас баталсан, хүчин төгөлдөр мөрдөж буй ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлал, удирдамжид үндэслэх.