ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 286 дугаар тогтоолын хавсралтаар “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийг шинэчлэн баталсан байна. 
 
Хадгаламж, зээлийн хоршоо нь өөрийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг дараах үндсэн дөрвөн бүлэг үзүүлэлтийн дагуу тооцож, мөрдлөг болгон ажиллана.
- Хөрөнгийн чанарын, хамгаалалтын үзүүлэлт;
- Үр ашигтай санхүүгийн бүтцийн үзүүлэлт;
- Өгөөж, зардлын хувь хэмжээний үзүүлэлт;
- Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт.
 
Дээрх 4 үзүүлэлтийг шалгуур тус бүрээр аргачлалд заасны дагуу үнэлж, дүгнэлт өгнө. 
 
Хадгаламж, зээлийн хоршоо нь зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтоолын хавсралтуудын дагуу улирал бүр тооцож, тайланг улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд хүргүүлнэ.
- Зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны тайлан (Нэгдүгээр хавсралт);
- Хадгаламжийн хүүгийн судалгаа (Хоёрдугаар хавсралт);
- том зээлдэгчид олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайлан (Гуравдугаар хавсралт);
- Нэгдмэл сонирхолтой этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайлан (Дөрөвдүгээр хавсралт);
- том хадгаламж эзэмшигчийн тайлан (Тавдугаар хавсралт);
- Их хэмжээний хувь хөрөнгө нийлүүлсэн гишүүдийн тайлан (Зургадугаар хавсралт);
- Хөрөнгө, эх үүсвэрийн эргэн төлөгдөх хугацааны тайлан (Долдугаар хавсралт);
- Хөрөнгийн чанар болон хамгаалалтын үзүүлэлтийн тайлан (Наймдугаар хавсралт);
- Үр ашигтай санхүүгийн бүтцийн үзүүлэлтийн тайлан (Есдүгээр хавсралт);
- Өгөөж, зардлын хувь хэмжээний үзүүлэлтийн тайлан (Аравдугаар хавсралт);
- Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийн тайлан (Арван нэгдүгээр хавсралт);
- Зохистой харьцааны шалгуур үзүүлэлт (Арван хоёрдугаар хавсралт).
 
Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос шаардсан аливаа мэдээ, судалгааг тухай бүр гаргаж хүргүүлнэ.