ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ БАГШ, АЖИЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Энэхүү журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ (цаашид "хууль" гэх)-д заасны дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан (цаашид "мэргэшсэн ажилтан" гэх) бэлтгэх, худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага, түүний багш, ажилтанд тавигдах шаардлага, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалтад холбогдох харилцааг зохицуулна.
 
Худалдан авах ажиллагааны сургалт дараах төрөлтэй байна. Үүнд:
1. мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт;
2. мэргэшүүлэх сургалт.
 
Мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт танхимын, танхимын бус болон эдгээрийн хосолсон хэлбэртэй байна. Танхимын бус сургалт төлбөргүй, суралцагч хөтөлбөрийн дагуу бие даан судална. Танхимын бус сургалтад зайн, хувилбарт болон цахим дадлага-сургалт хамаарна. Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид "мэргэжлийн байгууллага" гэх) худалдан авах ажиллагааны цахим системийн "сургалт" хэсэгт мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөр, гарын авлагыг байршуулна.
 
Сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагааны чиглэл бүхий хуулийн этгээд худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх, чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулна. Худалдан авах ажиллагаа, түүнтэй холбоотой сэдвийн хүрээнд холбогдох салбарын албан хаагч, ажилтан, эсхүл сургагч багшаар дамжуулан мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж болно. 
 
Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтыг заах албан хаагч, ажилтан, эсхүл сургагч багш нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, заавар, журамд нийцүүлэн олон улсын туршлагад тулгуурлан онол, дадлага хослуулан сургалтыг зохион байгуулна.
 
Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт дараах агуулгыг заавал тусгана. Үүнд:
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн танилцуулга;
- Тендер шалгаруулалт зохион байгуулах;
- Тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах заавар, аргачлал;
- Захиалагч шийдвэр гаргах;
- Тендер шалгаруулалтын аргын танилцуулга;
- Худалдан авах ажиллагааны цахим систем;
- Цахим дэлгүүрээс худалдан авалт зохион байгуулах;
- Гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний нөхцөл;
- Худалдан авах ажиллагааны удирдлага;
- Гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх;
- Бусад.
 
Мэргэжлийн байгууллага нь захиалагч, аж ахуй эрхлэгчийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийн ашиглалт, худалдан авах ажиллагааны талаар сургалт зохион байгуулна.
 
Сангийн яам, мэргэжлийн байгууллага нь захиалагч нарт болон аймаг, нийслэл, дүүрэг дэх худалдан авах ажиллагааны нэгжийн ажилтан, албан тушаалтны чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж болно.