НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫГ УРЬДЧИЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулна.
 
Энэ журмын дагуу зээл, тусламжийн хөрөнгөөр зохион байгуулагдах тендер шалгаруулалтыг дараах нөхцөлийн аль нэг хангагдсан тохиолдолд урьдчилан зохион байгуулж болно. Үүнд:
Зээлийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтыг Санхүүжилтийн хэлэлцээрийг Улсын Их Хурал соёрхон батлахаас өмнө урьдчилан зохион байгуулах тохиолдолд Олон улсын гэрээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн дагуу Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлуулахаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна;
Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас тусламж авахтай холбоотой гэрээ хэлэлцээрийг Засгийн газар баталснаар хүчин төгөлдөр болох нөхцөлтэй бол тусламжийн гэрээ хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн байна.
 
Төсөл хэрэгжүүлэх нэгж, эсхүл төсвийн ерөнхийлөн захирагч энэ журмын дагуу тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах бол эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгана.
 
Захиалагч төлөвлөгөөг хийхэд дараах нөхцөлийг хангасан байхыг шаардана.
Гадаадын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагад нийцсэн байх;
Төсөл хэрэгжүүлэгч болон зээлдүүлэгч төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгох тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах нөхцөлийг харилцан тохиролцож баталгаажуулсан байх;
Тендер шалгаруулалт урьдчилан зохион байгуулахтай холбоотой бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт боловсруулж баталсан, бусад бэлтгэл бүрэн хангагдсан байх.
 
Төлөвлөгөө батлагдсан бол төсөл хэрэгжүүлэх нэгж, эсхүл төсвийн ерөнхийлөн захирагч уг төлөвлөгөө болон  энэ журамд заасан нөхцөл хангагдсан тухай нотлох баримтын хамт Сангийн яаманд хүргүүлнэ.
 
Сангийн яамны зээл, тусламжийн хэрэгжилтийн асуудал хариуцсан нэгж тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах шийдвэр, төлөвлөгөөг хүлээн авч, нөхцөл шаардлага хангагдсан гэж үзвэл тендер шалгаруулалт зарлах тухай хариуг захиалагчид хүргүүлнэ.
 
Сангийн яамнаас хариу ирүүлээгүй, эсхүл тендер шалгаруулалт урьдчилан зохион байгуулах шаардлага хангахгүй тухай хариу хүлээн авсан бол захиалагч тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах эрх үүсэхгүй ба худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд холбогдох өөрчлөлт оруулна.
 
Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах
 
Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулахтай холбоотой дараах нөхцөлийг тусгасан байна:
Тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө урьдчилан зохион байгуулж байгаа тухай тодорхой заах;
Оролцогч тендерийн хүчинтэй байх хугацааг төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр батлагдах хүртэл хугацаанд хүчинтэй байхаар заах;
Төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр бүрэн батлагдах хүртэл гэрээ байгуулахыг хуулийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт зааснаар хориглох ба оролцогч нь гэрээ байгуулаагүйтэй холбоотой аливаа зүйлийг шаардах эрхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байх;
 
Гэрээ байгуулах эрх авсан оролцогч захиалагчаас төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр бүрэн батлагдсан бөгөөд хүчин төгөлдөр болсон тухай мэдэгдлийг хүлээн авсан бол тогтоосон хугацааны дотор гүйцэтгэлийн баталгааг ирүүлж, гэрээнд гарын үсэг зурна.
 
Төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр батлагдаагүй, эсхүл төсөвт өртгийг өөрчилж баталснаас урьдчилан зохион байгуулсан тендер шалгаруулалтын үр дүнгээр гэрээ байгуулах боломжгүй болсон, эсхүл хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн тохиолдолд урьдчилан зохион байгуулсан тендер шалгаруулалт, түүний үр дүнг хүчингүйд тооцож, энэ тухай гэрээ байгуулах эрх авсан оролцогчид мэдэгдэнэ.
 
----о0о----