НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИАС

     Уг хууль УИХ-ын ээлжит хаврын чуулганаар хэлэлцүүлэгдэж, 2015 оны  6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан “Нийслэл хотын албан татварын тухай” хууль 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

     Энэхүү хуулийн зорилт нь Нийслэл хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Нэг. Хууль үйлчлэх нутаг дэвсгэр.

     Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг худалдан авсан этгээдэд уг татварыг ногдуулна.

Хоёр. Нийслэл хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ.

     Бараанд: Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи;

     Үйлчилгээнд: Зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ хамаарна.

     Хуульд тодорхойлсноор:

     “Зочид буудал” гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;

     “Амралтын газар” гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;

     “Ресторан” гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;

     “Баар” гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг хэлнэ.

Гурав. Нийслэл хотын албан татвар төлөгч, Албан татвар суутгагч.

     Албан татвар суутгагч нь жижиглэнгийн худалдаагаар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг борлуулсан мөн зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ үзүүлсэн этгээд байна.

Нийслэл хотын албан татвар төлөгч нь тухай нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэж байгаа албан татвар суутгагчаас бараа, ажил үйлчилгээг худалдан авч байгаа этгээд байна.

Дөрөв. Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээ.

Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно. Хэрэв:

- борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнэ тодорхойгүй;

- бараа, үйлчилгээг харилцан солилцсон буюу арилжсан;

- харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зах зээлийн бодит үнээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан;

үйлчилгээ үзүүлсэн, эсхүл үнэ төлбөргүй шилжүүлсэн өр төлбөрийг бараа шилжүүлэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаасан тохиолдолд нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн бодит үнэд үндэслэн тодорхойлно.

Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар хийсэн бол гүйлгээ хийгдсэн өдрийн Монгол банкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.

 

Тав. Бусад

     Нийслэл хотын албан татварын үнэлгээ болон хувь хэмжээТатвар төлөгчийн худалдан авсан бараа, үйлчилгээнд үнийн дүнг үндэслэн  албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгдийн Хурал батална.

     Нийслэл хотын албан татвараас чөлөөлөх. Нийслэл хотод үйл ажиллагаа эрхлэж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээнээс бусад үйлчилгээг тус албан татвараас чөлөөлнө.

     Нийслэл хотын албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөх, тайлагнах. Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг тусгана. Албан татвар суутгагч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаана.

Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй.

Албан татвар суутгагчийг бүртгэх журам.Хуульд заасан татвар ногдох бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн татвар төлөгчийг харьяалах татварын алба албан татвар суутгагчаар бүртгэнэ. Албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах нь  НИТХ-ын 29 дүгээр хуралдаанаас баталсан Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмаар зохицуулагдаж байна.