НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЧӨЛӨӨТ ҮЛДЭГДЛИЙГ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЖУРАМ
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл (цаашид "сангийн чөлөөт үлдэгдэл" гэх)-ийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг зохицуулахад энэ журмыг баримтална.
Сангийн чөлөөт үлдэгдлийн хөрөнгө оруулалтын төрөл, үйл ажиллагаа
Нийгмийн даатгалын ерөнхий газар сангийн чөлөөт үлдэгдлийг хуульд заасны дагуу дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулна:
• Засгийн газрын үнэт цаас худалдан авах;
• Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох;
• Төрийн сангийн нэгдсэн дансанд хугацаатай мөнгөн хадгаламж байршуулах;
• Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкны системд нөлөө бүхий арилжааны банканд хугацаатай мөнгөн хадгаламж байршуулах.
Нийгмийн даатгалын ерөнхий газар жил бүрийн 1 дүгээр сард нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг тооцон, энэ журамд заасан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах саналыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 2 дугаар сард багтаан энэ журамд заасан шийдвэрийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлнэ.
Нийгмийн даатгалын ерөнхий газар жил бүрийн эхний улиралд багтаан хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу энэ журамд заасан санхүүгийн хэрэгсэл тус бүрд хөрөнгө оруулах тооцооллыг дахин хийж, саналаа доор дурдсан мэдээлэл, баримт бичгийн хамт Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албанд хүргүүлнэ:
• Энэ журамд заасан үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг тогтоосон Засгийн газрын шийдвэр;
• Энэ журамд заасан мөнгөн хадгаламж байршуулах талаар өгсөн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;
• Энэ журамд заасан арилжааны банкнуудын талаарх Монгол банкнаас авсан мэдээлэл;
• Санхүүгийн хэрэгсэл тус бүрд хөрөнгө оруулах сангийн чөлөөт үлдэгдлийн тооцоолол, санал, танилцуулга, тогтоолын төсөл.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба саналтай танилцан, Мэргэжлийн хороонд хүргүүлнэ.
Мэргэжлийн хороо саналыг хүлээн авч ажлын 10 өдрийн дотор холбогдох тооцооллыг хийж, санал, дүгнэлт гаргаж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албанд хүргүүлнэ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Мэргэжлийн хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэж, сангийн чөлөөт үлдэгдлийг нийгмийн даатгалын төрөл тус бүрийн бие даасан сангуудын эх үүсвэр тус бүрээр энэ журамд заасан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэрийг гаргана. Нийгмийн даатгалын ерөнхий газар шийдвэрийг хэрэгжүүлнэ.
Сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн энэ журамд заасан тооцоолол, саналыг үндэслэн, энэ журамд заасан үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг тогтоох саналыг боловсруулж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
Сангийн чөлөөт үлдэгдлийг Монгол банкны үнэт цаасанд хөрөнгө оруулах
Нийгмийн даатгалын ерөнхий газар "Төв банкны үнэт цаасны арилжааны журам"-д заасны дагуу Монголбанкны үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцоно.
Сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулахад нийгмийн даатгалын ерөнхий газар сангийн чөлөөт үлдэгдлийг энэ журманд заасны дагуу арилжааны банканд байршуулах ажлыг зохион байгуулна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар "Мөнгөн хадгаламжийн гэрээ"-г харилцан тохиролцож арилжааны банктай байгуулах бөгөөд уг гэрээнд байршуулах хадгаламжийн хэмжээ, хугацаа, хүүгийн хувь, эрсдэлээс хамгаалах арга хэрэгслийг тусгаж, мөрдөнө.
Хөрөнгө оруулалтын бүртгэл, тайлан ил тод байдал
Сангийн чөлөөт үлдэгдэл, хөрөнгө оруулалтад оруулсан хөрөнгө, хүүгийн орлогыг нийгмийн даатгалын сан тус бүрээр бүртгэнэ.
Нийгмийн даатгалын ерөнхий газар сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, төвлөрсөн орлогыг нягтлан бодох бүртгэлийн стандарт, холбогдох журмын дагуу бүртгэж, сар, улирал бүр нэгтгэн нийгмийн даатгалын сангийн санхүүгийн тайланд тайлагнана.
Сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулсан талаарх мэдээллийг улирал бүр shilen.gov.mn цахим хуудсаар олон нийтэд ил тод мэдээлнэ.