ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН АГУУЛГЫГ БАГЦ ЦАГААР ТООЦОХ, БАГЦ ЦАГИЙГ ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Энэхүү журмыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/216 дугаар тушаалаар баталсан.
 
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/216 дугаар тушаалын хавсралтаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэнэ)-ын дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, багш, суралцагчийн ачааллыг тооцох, гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад амжилттай судалсан хичээлийг дүйцүүлэн тооцохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
 
Хоёр: Багц цаг, багц цагийг хэрэглэх
2.1.Дээд боловсролын зэргийн сургалтын хичээлийн нэг цагийн (цаашид "цаг" гэх) хэмжээ байгалийн цагийн 50 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.
2.2.Сургуулийн хичээлийн жил тус бүр 20-оос доошгүй (хичээлтэй танилцах болон хичээл сонгох 2, хичээллэх 16, шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх болон хичээлийн агуулга, амжилтад дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, үнэлгээтэй холбоотой гомдол санал шийдвэрлэх 2 зэрэг) долоо хоног бүхий намар болон хаврын гэсэн үндсэн хоёр улирлаас тогтоно. Сургуулийн онцлог болон хөтөлбөрийн түвшнээс хамааруулж суралцагчийн хичээллэх цагийг хорогдуулахгүйгээр улирлын төлөвлөлтийг өөрөөр тогтоож болно.
2.3.Өвөл болон зуны нэмэлт улиралтай байж болно.
2.4.Сургууль тухайн жил, улирлын хичээлийн нэгдсэн хуваарийг хичээлийн жилийн эхэнд батлан мөрдөнө.
2.5.Суралцагчийн 1 долоо хоногт хичээлийн 3 цагаар тооцон 16 долоо хоногт зарцуулах 48 цагийн ачааллыг 1 багц цаг гэж үзнэ.
2.6.Суралцагч улиралд 15 багц цагийн хичээл судлахыг багц цагийн норматив ачаалал гэж үзэх ба энэ нь 1 долоо хоногт 45 буюу ажлын нэг өдөрт 9 хичээлийн цаг (байгалийн 7.5 цаг) зарцуулахыг хэлнэ. Нэг долоо хоногийн 45 хичээлийн цагийн ачааллыг нэг бүтэн улирлын 20 долоо хоногоор тооцсон хэмжээ болох 900 хичээлийн цагийн ачааллыг улирлын нийт норматив ачаалал гэнэ. (Үүнд суралцагчийн нэг улирлын норматив 15 багц цагийг хичээллэх 16 долоо хоногоор тооцсон 720 хичээлийн цаг болон бусад үйл ажиллагаанд зарцуулах 4 долоо хоногоор тооцсон 180 хичээлийн цагийн ачааллыг хамруулна.)
2.7.Хичээлийн багц цагийг тухайн хичээлийг судлах цаг, түвшин, хэлбэрээс хамаарч дэд бакалавр, бакалаврын болон ахисан түвшинд дараах жишгээр тодорхойлно. Үүнд:
Дэд бакалавр болон бакалаврын түвшний лекцийн хичээлийн хувьд багшийн удирдлагаар суралцах 16 цаг + суралцагчийн хичээлд бэлтгэх, бие даан суралцах 32 цаг;
Ахисан түвшний лекцийн хичээлийн хувьд багшийн удирдлагаар суралцах 12 цаг + суралцагчийн хичээлд бэлтгэх, бие даан суралцах 36 цаг;
Дэд бакалавр, бакалаврын түвшний семинар болон лабораторийн хичээлийн хувьд багшийн удирдлагаар суралцах 32 цаг + суралцагчийн хичээлд бэлтгэх, бие даан суралцах 16 цаг;
Ахисан түвшний семинар болон лабораторийн хичээлийн хувьд багшийн удирдлагаар суралцах 24 цаг + суралцагчийн хичээлд бэлтгэх, бие даан суралцах 24 цаг;
Лабораторийн ажил, практик, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр суралцагчийн сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цаг;
2.8.Сургууль 2.8-д заасан нормативыг харгалзан багшийн удирдлагаар суралцах болон бие даах цагийн харьцааг хичээл тус бүрээр хичээлийн түвшин, хэлбэр, ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хичээлийн онцлогт үндэслэн тогтоож мөрдөнө.
2.9.Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан нэг хичээл тухайн улиралд үзэж дуусгахаар тооцсон 4 багц цаг хүртэл, бүхэл тоон утгатай байна.
2.10.Агуулгын багтаамж ихтэй хичээл байвал түүнийг тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд ерөнхий агуулга, залгамж чанарыг илэрхийлсэн нэр, багц цаг онооно.
2.11.Улирлын шалгалт, хэд хэдэн хичээлийг хамарсан нэгдсэн шалгалт, төгсөлтийн шалгалт өгөхөд багц цаг оноохгүй.
 
Гурав. Хичээл дүйцүүлэх
3.1.Хичээл дүйцүүлэх үйл ажиллагаа нь албан ёсны дүнгийн тодорхойлолт болон тухайн хичээлийн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд үндэслэх ба дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд дүйцүүлэх боломж нээгдэнэ. Үүнд:
       3.1.1.Агуулга болон суралцахуйн үр дүнгийн 80-аас багагүй хувийн давхцалтай;
       3.1.2.Дүйцэх хичээл өмнөх залгамж холбоогүй, эсвэл өмнөх залгамж холбооны хичээлийг амжилттай судалсан байх;
       3.1.3.Багц цагийн зөрүүгүй байх;
       3.1.4.Ижил түвшний хөтөлбөрүүдэд тусгагдсан байх;
       3.1.5.Цааш үргэлжлүүлэн суралцахад бэрхшээл учруулахааргүй байх;
3.2.Журмын 3.1.2-т тусгасан залгамж холбооны өмнөх хичээлийг амжилттай судалсан тохиолдолд тухайн хичээлийн дүйцүүлэлтийг нөхөж хийх эсэхийг сургуулийн дотоод журмаар зохицуулна;
3.3.Журмын 3.1.3-т тусгасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ерөнхий болон мэргэжлийн суурийн хичээлийн хувьд 1 хүртэл багц цагийн зөрүүтэй хичээлийг мэргэжлийн тэнхимийн саналд үндэслэн дүйцүүлж болох ба энэ тохиолдолд зохицуулалтыг сургууль дотоод журамд тусгасан байна.
3.4.Сургууль хооронд шилжин суралцах суралцагчийн хичээл дүйцүүлэхдээ ижил түвшний хөтөлбөрүүдэд тусгагдсан, дүйцэх хөтөлбөрийн Ерөнхий суурийн болон Мэргэжлийн суурийн багцад тусгагдсан хичээлүүдээс дүйцүүлнэ. Нэг сургуулийн хөтөлбөр хооронд шилжин суралцагчийн хичээл дүйцүүлэх тохиолдолд энэхүү хязгаарлалтыг мөрдөхгүй байж болно.
3.5.Сургууль хооронд шилжин суралцагчийн өмнө судалсан хичээлүүдээс бакалаврын хөтөлбөрт бол 45 хүртэл, магистрын хөтөлбөрт бол 6 хүртэл, докторын хөтөлбөрт бол 9 хүртэл багц цагийн хичээлийг дүйцүүлэн тооцож болно. Нэг сургуулийн хөтөлбөр хооронд шилжин суралцагчийн хичээл дүйцүүлэх тохиолдолд энэхүү хязгаарлалтыг мөрдөхгүй байж болно.