ХУВЬЦААГ БАРЬЦААЛЖ БОЛОХ УУ?

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” гэж зохицуулснаас үзвэл, хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн  өмчлөлд оролцох эрхийг баталгаажуулсан эдийн хөрөнгө юм.
 
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7.1-дэх хэсэгт “Иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болно” заажээ. 
 
Иймээс компанийн хувьцаа нь хөдлөх эд хөрөнгийн хувьд барьцааны зүйл  болно.
 
Компанийн хувьцааг барьцаалах тохиолдолд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэснийг баримтална. Мөн зүйлийн 156.3 дах хэсэгт “Энэ хуулийн 156.1...-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зохицуулсныг анхаарах нь зүйтэй.
 
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр  зүйлд “Барьцааны баталгаажилт”-ын талаар нарийвчлан зохицуулсан тул компанийн хувьцааны барьцааны  баталгаажилтыг  зохих журмын дагуу бүртгүүлбэл зохино.