КОМПАНИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН ХЭН БЭ?
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд “Компанийн эрх бүхий албан тушаалтан” болон түүний үүргийн талаар зохицуулсан байна.
Компанийн эрх бүхий албан тушаалтанд төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг хамааруулна.
Түүнчлэн компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ оруулж болно.
Мөн хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг эсхүл ял шийтгэл эдэлж байгаа этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалд ажиллахыг хоригложээ.
Компанийн эрх бүхий албан тушаалтан нь дараах үүрэгтэй. Үүнд:
- хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх;
- үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх;
- компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах;
- шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх;
- өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн этгээдээс бэлэг, урамшуулал авахгүй байх;
- компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх.
Компанийн эрх бүхий албан тушаалтан компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол албан тушаалаасаа өөрчлөгдсөнөөс хойш 3 (гурав) жилийн туршид компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх үүргийг хүлээнэ.
Хэрэв компанийн эрх бүхий албан тушаалтан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө.
Түүнчлэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/310