ТӨРИЙН ӨМЧИЙН ГАЗАР ЭЗЭМШИЖ, АШИГЛАХ ТАЛААР
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулдаг юм.
Газрын төлбөр төлөгч гэж Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа:
· Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага
· Газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар
· Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар
· Гадаад улсын хуулийн этгээд, иргэн
· Харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.
Төлбөр ногдуулах газар: Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.
Иргэн та болон танай аж ахуйн нэгж, байгууллага төрийн өмчийн газрыг эзэмшиж ашиглаж байгаа бол Газрын төлбөрийн хувь хэмжээ дараах байдлаар тооцон ногдуулна.
· нэг хонь толгойд ногдуулах бэлчээрийн газрын төлбөрийн хязгаар 0,01-0,03 хувь
· эзэмшиж, ашиглаж байгаа нэг га тариалан, хадлангийн газрын төлбөрийн хязгаар 0,01-0,03 хувь
· эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар 0,1-1,0 хувь
· зам, шугам сүлжээний газрыг километр тутмын газрын төлбөрийн доод хязгаар 1500 төгрөг, дээд хязгаар 7500 төгрөг;
· энэ хэсгийн 1-4т зааснаас бусад газрын төлбөрийн хязгаар 0,01-0,03 хувь
Дараахь тохиолдолд Газрын төлбөрөөс чөлөөлөгдөнө :
· малчин өрхийг бэлчээр, хадлангийн газрын;
· Монгол улсын иргэнийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй 0,07 га хүртэлх хэмжээний газрынх нь төлбөрийн 90 хувиар
· Монгол Улсын иргэнийг түүнд байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалахад зориулан эзэмшүүлсэн газрын
· Монгол улсын иргэнийг түүнд байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалахад зориулан эзэмшүүлсэн газрын
· өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улсын бүртгэлтэй асрамжийн болон бүх шатны боловсролын байгууллагыг эзэмшиж, ашиглаж буй газрынх;
· иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хөрсний бүтцийг сайжруулах, бэлчээрт шилжүүлэх зорилгоор олон наст болон буурцагт ургамал тариалсан талбайг эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний 5 жил хүртэлх хугацаанд
· иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хөрсний бүтцийг сайжруулах, бэлчээрт шилжүүлэх зорилгоор олон наст болон буурцагт ургамал тариалсан талбайг эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний 5 жил хүртэлх хугацаанд
· сууц өмчлөгчдийн холбоог түүнд гэрээгээр ашиглуулж байгаа орчны газрын
· үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын
· алслагдсан суурин газар, орон нутагт өндөр технологийн үйлдвэрлэл явуулах иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг газар эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар.
Газрын төлбөрийг хэрхэн ногдуулах вэ?
· Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газар эзэмшүүлэх ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ.
· Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.
Газрын төлбөрийг хэрхэн тайлагнах вэ?
· Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум дүүргийн төсөвт оруулна.
· Газрын төлбөрийн орлогын зохих хувийг иргэн, аж ахуйн нэгж , байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрлийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулна. Тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, газрын төлбөрөөс орох орлогыг харгалзан газар хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно.
· Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ болон газрын төлбөрийн тухайн шатны тайлангийн нэг хувийг татварын албанд тушаана.
· Татварын алба Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавьна.
Газрын төлбөртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх:
Газрын төлбөр төлөгч болон газрын асуудал эрхэлсэн албаны холбогдох албан тушаалтны хооронд үүсэн маргааныг тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан, хянан шийдвэрлэнэ.
Газрын төлбөр төлөгч болон Засаг даргын хооронд үүсэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны байгууллага, албан тушаалтан, Төлбөр төлөгч болон татварын албаны холбогдох албан тушаалтны хооронд үүссэн маргааныг тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ.
Хэрвээ татвар төлөгч газрын төлбөртэй холбогдсон маргааны талаарх байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг шүүх шийдвэрлэнэ.