НИЙТИЙН ӨМЧИЙН СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ ХУВИЛАН ОЛШРУУЛАХ, ГЭРЭЛ ЗУРАГ, ДҮРС БИЧЛЭГ ХИЙХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Засгийн газрын 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 40 дугаар тогтоолоор Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг, дүрс бичлэг хийхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулах журмыг баталсан байна. Тус журмаар хууль сахиулах байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн ул мөрийг бэхжүүлэх, нотлох баримт цуглуулах зэрэг зорилгоор нийтийн өмчийн соёлын биет өвийн гэрэл зураг авах, дүрс бичлэг хийхэд энэ журмыг мөрдөхгүй. 

Иргэн, хуулийн этгээд нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилах олшруулах үйл ажиллагааг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний олгосон зөвшөөрлийг үндэслэн хэрэгжүүлнэ. Нийтийн болон соёлын биет өвийг хувилан олшруулах зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, нийтэд мэдээлэх асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна. Иргэн, хуулийн этгээд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хувилан олшруулах үйл ажиллагааг эзэмшигч байгууллагатай нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хувилах олшруулах үйл ажиллагааг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж, гүйцэтгэнэ. Гэрээнд хувилан олшруулах үйл ажиллагааг гүйцэтгэх хугацаа, хувилах олшруулах тоо хэмжээ, санхүүжилт, хувилан олшруулсан эхийг ашиглах нөхцөл, талуудын эрх, үүргийг тусгана.

Түүнчлэн иргэн, хуулийн этгээд нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх бол хүсэлтээ тухайн ажил эхлэхээс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч байгууллагад гаргана.

Нийтийн өмчийн соёлын биет өвийн гэрэл зураг, дүрс бичлэгийг дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан аливаа хэвлэлийн бүтээгдэхүүн, кино, видео контентод ашиглахгүй.

Эх сурвалж: Төрийн мэдээлэл -2024 оны 10 сарын 7-ны өдрийн №38 /1334/