БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА

Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар тогтоолын хавсралтаар “Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг тус журмаар зохицуулахаар байна.

Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.5-д зааснаар боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцан удирдах бөгөөд Сангаас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.1-д заасан иргэнд сургалтын төлбөрийн зээл, тэтгэлэг олгох, мөн хуулийн 8.3-т заасны дагуу бусад санхүүгийн дэмжлэг олгох шийдвэрийг Ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

Боловсролын зээлийн сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.3-т зааснаар Ажлын албатай байх бөгөөд тус Ажлын алба нь сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхээр байна.

Сангийн хөрөнгө нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1-д заасан эх үүсвэрээс бүрдэх бөгөөд хөрөнгийг Төрийн сангийн тусгай дансанд байршуулна. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

  • Гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг;
  • Багш болон Боловсролын ерөнхий хуулийн 12.7-д заасан багш мэргэжлээр суралцагчид олгох санхүүгийн дэмжлэг;
  • Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-д заасан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулахад олгох санхүүгийн дэмжлэг;
  • Төрийн албаны тухай хуулийн 61.1.7-д заасны дагуу сургалтад хамрагдах төрийн албан хаагчдад олгох санхүүгийн дэмжлэг;
  • Сангийн үндсэн үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардал.

Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналтыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.5-д заасны дагуу хэрэгжүүлэх бөгөөд Сангийн Ажлын алба гүйцэтгэсэн ажлын үр дүн, төсвийн зарцуулалтын нэгдсэн тайланг холбогдох хууль, журамд заасан хугацаанд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гарган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор байгууллагын цахим хуудас болон шилэн дансанд байршуулна. Сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн арга хэмжээний мэдээллийг, холбогдох шийдвэрийн хамт Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу олон нийтэд мэдээлж, тогтмол шинэчилнэ.

Эх сурвалж: Төрийн мэдээлэл 2024 он №39/1335/