МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ 2024 ОНЫ 06 САРЫН 20 ӨДӨР 25 ДУГААР ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

“Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай”

         Монгол Улсын Дээд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтын холбогдох хэсгийг зарим төрлийн маргааны хувьд хэрхэн зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.Тайлбарын цар хүрээ нь дараах хуулийн зүйл, заалтаар хязгаарлагдаж байна.

  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1. “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдгийг
  • 3.1.1.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны хөдөлмөрийн маргаан,
  •  3.1.2.улсын бүртгэлийн маргаан, 
  • 3.1.3.захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулахтай холбоотой маргааны хувьд хэрхэн ойлгож хэрэглэх талаар;
  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтын “... хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол ...” гэснийг;  
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтын “... бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” гэдэгт;
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтын “... аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд ...” гэдэгт энэхүү тайлбарт дурдсан үндэслэлтэй холбоотойгоор зарим маргааны тухайд хэрхэн хэрэглэхийг тус тус тайлбарлана.

УДШ-ээс дээрх зүйл, заалтыг дараах байдлаар тайлбарласан байна:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1.“захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэснийг захиргааны хэргийн шүүх хэрэглэхдээ:
  • Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтантай холбоотой хөдөлмөрийн маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан тул  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүй.
  • Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино.
  • Захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд (хүн, хуулийн этгээд) бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол” гэснийг нэхэмжлэгч захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлдээ тодорхой заагаагүй байхыг ойлгоно.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан “... бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” гэдгийг иргэний хэргийн шүүх хэрэглэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтын “... аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол ...”-ыг хянан шийдвэрлэхдээ:
  • Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч (эрх баригч)-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон талаарх гомдол иргэний хэргийн шүүхэд харьяалагдахгүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
  • Төрийн үйлчилгээний байгууллагын эрх баригчаас бусад удирдах албан тушаалтан болон  ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон талаарх гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.
  • Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон тухай гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.
  • Хувийн болон холимог өмчийн хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

         Тус тайлбар гарсантай холбогдуулж Улсын дээд шүүхийн 2007 оны 32 дугаар тогтоол хүчингүй болсон болж тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Эх сурвалж: https://www.supremecourt.mn/mn/home?page=advice&id=15&pr=0&tp=list