МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН “ӨМГӨӨЛӨГЧИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” 56 ДУГААР ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолоор “Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам”-д өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийг хуульд заасны дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэн, эрх зүйн нэгдсэн мэдээллийн сан, www.legalinfo.mn сайтад байршуулсан байна.
“Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам”-д өөрчлөлт оруулсан тогтоолын онцлог, анхаарах зүйл, хэсэг заалтыг танилцуулъя.
- Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журамд дараах зүйл, заалтыг шинээр нэмсэн байна.Журмын 8 дугаар /Шалгалтад орох өргөдөл гаргах/ зүйлийн "8.4.9-т “төрийн албанд ажиллаж байгаа бол сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх тодорхойлолт” мөн "8.4.10-т “сүүлийн 2 жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, 24 дүгээр зүйлийн дараа “241 дүгээр зүйл. Өмгөөлөгчийн ёс зүйн шалгалт, 241.1. Өмгөөлөгчийн ёс зүйн мэдлэгийг үнэлэх шалгалт нь өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн асуудлаар боловсруулсан тестээс бүрдэнэ.”, 28 дугаар зүйлд “28.4. өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэгийг үнэлэх шалгалтыг 20 хүртэл оноогоор үнэлнэ.”гэж тус тус зүйл, заалт нэмж оруулсан байна.
- Мөн журмын дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулжээ.
- 8 дугаар /Шалгалтад орох өргөдөл гаргах/ зүйлийн:
“8.4.7. шүүгч, прокурор, мөрдөгч, төрийн албанд ажиллаж байсан бол тухайн ажил албан тушаалаас огцруулсан, халсан, чөлөөлсөн шийдвэрийн хуулбар” мөрдөгч гэх нөхцөл нэмсэн байна.
- 15 дугаар /Шалгалтын дүнг мэдээлэх/ зүйлийн:
"15.1. Шалгалтын комисс шалгалтын дүнг нэгтгэн нийлбэр оноог гаргана.";
- 23 дугаар /Шалгалтын төрөл, хэлбэр/ зүйлийн:
“23.2. Энэ журмын 23.1.1-т заасан мэдлэгийг сорих шалгалтыг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, гомдолд хариу тайлбар бичих, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргах, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах зэрэг хэлбэрээр, 23.1.2-т заасан мэдлэгийг сорих шалгалтыг тестийн хэлбэрээр, 23.1.3-т заасан мэдлэгийг сорих шалгалтыг эсээ бичлэгийн хэлбэрээр авна.”
/Тохиолдол шинжлэх гэснийг дээрх байдлаар дэлгэрүүлж оруулсан байна./
- 24 дүгээр /Хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны мэдлэгийг үнэлэх/ зүйлийн:
“24.1.Энэ журмын 23.1.1-д заасан шалгалт нь дараах бүрдэл хэсэгтэй байна:
24.1.1.Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах;
24.1.2.Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах;
24.1.3.Иргэний хэргийн шүүхэд болон арбитрт нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах;
24.1.4.Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол, тайлбар, өмгөөлөгчийн дүгнэлт гаргах;”
24.2.Хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны мэдлэгийг үнэлэх шалгалтын бүрдэл хэсэг тус бүрийн үргэлжлэх хугацаа 120 минут байна.
- 28 дугаар /Шалгалтын даалгаврын үнэлгээ/ зүйлийн:
28.1. Шалгалт тус бүрээр оролцогчийн авбал зохих дээд үнэлгээ нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны мэдлэгийг үнэлэх шалгалтад 60 оноо, өмгөөлөгчийн ёс зүйн мэдлэгийг үнэлэх шалгалтад 20 оноо, мэтгэлцэх ур чадварын шалгалтад 20 оноо, нийт 100 оноо байна.
Өмнөх агуулга: Шалгалт тус бүрээр оролцогчийн авбал зохих дээд үнэлгээ нь тохиолдол шинжлэх шалгалтад 60 оноо, мэтгэлцэх ур чадварын шалгалтад 40 оноо, нийт 100 оноо байна.
- 28 дугаар /Шалгалтын даалгаврын үнэлгээ/ зүйлийн:
“28.2. Энэ журмын 24.1 дэх хэсэгт заасан шалгалтын бүрдэл хэсэг тус бүрийг дор дурдсан оноогоор үнэлнэ:
28.2.1. Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах 15 хүртэл оноо;
28.2.2. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах 15 хүртэл оноо;
28.2.3. Иргэний хэргийн шүүхэд болон арбитрт нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах 15 хүртэл оноо;
28.2.4. Эрүүгийн хэргийн шүүхэд тайлбар, гомдол гаргах 15 хүртэл оноо” гэж тус тус өөрчлөн найруулсан байна.
Тус журамд орсон холбогдох өөрчлөлтүүдтэй www.legalinfo.mn болон www.ama.org.mn сайтуудаас танилцах боломжтой юм.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141961539941&showType=1