ЦЭЦЭРЛЭГ, НОГООН БАЙГУУЛАМЖ, АВТО ЗОГСООЛЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨД НЭМЭГДҮҮЛСЭН ХУВИАР ТАТВАР НОГДУУЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нарын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/204, А/161 дугаартай “Журам батлах тухай” хамтарсан тушаалын хавсралтаар “Цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын шаардлага хангаагүй үл хөдлөх эд хөрөнгөд нэмэгдүүлсэн хувиар татвар ногдуулах журам”-ыг баталсан. Уг тушаал батлагдсантай холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/105, А/68 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсон.
 
Энэхүү журмаар Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын шаардлага хангаагүй үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар нэмэгдүүлэн ногдуулах харилцааг зохицуулсан.
 
1. Нэмэгдүүлсэн хувиар татвар төлөх этгээд
Журамд зааснаар нэмэгдүүлсэн хувиар албан татвар төлөх этгээд нь Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8-д заасан шаардлагыг хангаагүй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч байна. 
 
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна…” гэж,  12.8-т “…барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна” гэж тус тус заасан байна. 
 
Дээрхээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь барилгажих талбайн хорин хувиас багагүй хэмжээгээр цэцэрлэг, ногоон байгууламж, хорин хувиас багагүй хэмжээгээр авто зогсоол байгуулаагүй бол журамд заасан нэмэгдүүлсэн татварыг төлөхөөр зохицуулсан байна.
 
2. Шаардлага хангаагүй үл хөдлөх хөрөнгийг тодорхойлох, бүртгэх 
Журамд зааснаар Хот байгуулалт, барилгын стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийг шаардлага хангасан болон шаардлага хангаагүй эсэхийг тодорхойлох бөгөөд дундын мэдээллийн санд тухай бүр цахим хэлбэрээр дамжуулна.
 
Дундын санд орсон мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн аваад тулган нягталж, төрийн мэдээлэл солилцооны "ХУР" системд ялгарах байдлаар бүртгэж, тухай бүр татварын албад хүргүүлнэ. 
 
3. Шаардлага хангаагүй үл хөдлөх хөрөнгөд нэмэгдүүлсэн албан татвар ногдуулах
Журмын 3.1-т “… шаардлага хангаагүй үл хөдлөх эд хөрөнгөд Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан эрх бүхий этгээдээс нэмэгдүүлж тогтоосон хувь хэмжээгээр татвар ногдуулна…” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “… аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон хувь, хэмжээг 1 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтоож болно” гэж тус тус заасан байна. 
 
Үүнээс үзэхэд, энэ журмаар ногдуулж буй нэмэгдүүлсэн татварын хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл  тогтоох бөгөөд өнөөдрийн байдлаар олон нийтэд ил тод мэдээллэсэн тус хувь, хэмжээг тогтоосон хэм хэмжээ байхгүй байна. Тиймээс дээрх эрх бүхий этгээдүүдээс энэхүү журмаар заасан хувь, хэмжээг тогтоосон хэм хэмжээг нийтэд ил тод байршуулахаас өмнө одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ”  -г дагаж мөрдөж байна. 
 
Мөн энэ журамд заасан татвар төлөгч этгээдийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан нөхцөлөөр чөлөөлж, мөн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан журмаар хөнгөлнө.