АЖ АХУЙ НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлаас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг баталсан байна. Тус хуулиар албан татвар төлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 5 жилийн хугацаанд 90 хувиар албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.
Мөн энэ хуулиар мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн хуульд заасан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг (0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна гэж заасан тооцооллын дагуу) ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөхөөр нэмж оруулж өгсөн байна.
Түүнчлэн спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөхөөр зохицуулсан бөгөөд "Монголын үндэсний олимпын хорооны" гэснийг "Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны" гэж өөрчилсөн байна.
Тус хуулиар асрамж, халамжийн байгууллага үйл ажиллагаагаа явуулах байрыг шинээр барих, тохижуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх зорилгоор үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, хандив болон Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан виртуал бүсэд бүртгүүлсэн этгээдэд өгсөн тусламж зэрэг зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохгүй байхаар зохицуулжээ.
Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эх сурвалж: Төрийн мэдээлэл 2024 он №48 /1344/