“АЖИЛ ОЛГОГЧИД АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтаар “Ажил олгогчид ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан.
Уг журмаар дараах шаардлагыг хангасан ажил олгогчид ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:
• Ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны дотор ирүүлсэн байх;
• Ажил олгогчийн цалин хөлсний санд ногдуулсан нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлсөн байх;
• Тухайн ажил олгогчид ажиллаж буй даатгуулагч 3 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй байх.
Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээг тухайн ажил олгогчийн сүүлийн жилд төлсөн нийт ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 15 хувиар тооцож баталгаажуулан, дараагийн жилд төлөх шимтгэлээс нь хасаж тооцно. Ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцсон нийт шимтгэлийг дараа оны 1-12 сард ногдох хэмжээгээр нь хуваарилан тооцож, тухайн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сар бүрийн тайланд тусгана. Шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд дахин шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ.