“АЖИЛ ОЛГОГЧИД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтаар “Ажил олгогчид үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хяналт тавих журам”-ыг баталсан.
 
Энэхүү журмаар дараах шаардлагыг хангасан ажил олгогчид үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:
Ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны дотор ирүүлсэн байх;
Ажил олгогчийн цалин хөлсний санд ногдуулсан нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлсөн байх;
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр гаргуулаагүй байх;
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэхэд хөрөнгө оруулсан, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлан, түүнд үндэслэн эрсдэлийг арилгасан талаар баримтыг хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас шийдвэр гаргуулсан байх.
 
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээг тухайн ажил олгогчийн сүүлийн жилд төлсөн нийт үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 15 хувиар тооцож баталгаажуулан, дараагийн жилд төлөх шимтгэлээс нь хасаж тооцно. Ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, үзүүлэхээр тооцсон нийт шимтгэлийн хэмжээг сар тутамд ногдох хэмжээгээр тооцож, тухайн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сарын тайланд тусгана. Шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогчид Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан нөхцөл болзлыг үргэлжлүүлэн хангасан тохиолдолд дахин шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг буруу тооцсон ажил олгогч шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдахгүй бөгөөд шимтгэлийн хөнгөлөлтийн нийт хэмжээ нь тухайн жилд ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.
 
Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд заасан шаардлагыг хангасан байхаас гадна  үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас сул зогссон болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтныг тохирох ажлын байраар хангасан тохиолдол  үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдэлнэ.
 
Шимтгэлийн чөлөөлөлтийн хэмжээг тооцох, чөлөөлөлт үзүүлэх талаар журамд дараах байдлаар тусгасан байна.
Ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн чөлөөлөлтийн хэмжээг тохирсон ажлын байраар хангагдсан ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчоос хариуцан төлөх шимтгэлийг 12 хүртэлх сарын хугацаанд чөлөөлнө.
Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон бол даатгуулагчийн зөвхөн сул зогссон ажлын байранд ажилладаг даатгуулагчийн сул зогссон хугацааны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлнө.
Ажил олгогчид шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр тооцсон нийт шимтгэлийн хэмжээг сар тутамд ногдох хэмжээгээр тооцож, тухайн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сарын тайланд тусгана.
Ажил олгогч Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан нөхцөл болзлыг үргэлжлүүлэн хангасан тохиолдолд дахин шимтгэлийн чөлөөлөлт үзүүлнэ. 
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг буруу тооцсон ажил олгогч шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдахгүй бөгөөд шимтгэлийн чөлөөлөлтийн нийт хэмжээ нь тухайн жилд ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.