ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХ, АШИГЛАХ ЖУРАМ
Тус журмаар Харилцаа холбооны тухай хуульд заасны дагуу домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах бөгөөд домэйн нэр бүртгэгч, домэйн нэр эзэмшигч, хуульд заасан эрх бүхий байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо болон бусад холбогдох талууд дагаж мөрдөнө.
Домэйн нэр, түүний бүрдэл хэсэг нь дараах шаардлагыг хангасан байна.
• MN өргөтгөлтэй болон Дэд домэйн нэрийн домэйн нь англи хэлний цагаан толгойн A-Z, a-z үсэг, 0-9 хүртэлх цифр, “-“ дундуур зураас; МОН өргөтгөлтэй домэйн нэрийн дэд домэйн нь монгол цагаан толгойн А-Я, а-я үсэг, 0-9 хүртэлх цифр, “-“ дундуур зураас зэрэг 2-оос доошгүй, 63-аас илүүгүй, эхлэл болон төгсгөл нь үсэг, эсхүл тооноос бүрдсэн нийлмэл нэр байна.
• “домэйн нэр” гэж интернетийн нөөцийн хаягийг тодорхойлох тухайн улсад тусгайлан олгосон үсэг, тоо, бусад таних тэмдгийн хослолыг;
Домэйн нэрийн сан нь домэйн нэрийн мэдээлэл, домэйн нэр бүртгэгчийн мэдээлэл, эзэмшигчийн мэдээлэл, серверийн мэдээлэл, АйПи (IP) хаяг, эзэмшлийн түүх, өөрчлөлтийн мэдээллийг бүртгэж хадгалах систем бөгөөд домэйн нэрийг давхардуулан бүртгэх боломжгүй хэлбэрээр тохируулсан байна. Домэйн нэрийн сангийн домэйн нэр, эзэмшигчийн нэр, хаяг, утас, цахим шуудангийн хаяг, серверийн нэр болон АйПи хаяг, домэйн нэр бүртгэгчийн нэр, хаяг зэрэг олон нийтэд ил тод байх ёстой.
Монгол Улсад оршин суугаа хаяг, бүртгэлтэй хүн, хуулийн этгээд нь MN болон МОН өргөтгөлтэй домэйн нэрийг эзэмших хүсэлтийг домэйн нэр бүртгэгчид гаргана. Монгол Улсын төрийн байгууллага нь GOV.MN өргөтгөлтэй домэйн нэрийг эзэмших хүсэлтийг “Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам”-ын хоёрдугаар зүйлд заасны дагуу “Үндэсний дата төв” УТҮГ-т, Монгол Улсын боловсрол, сургалтын байгууллага нь EDU.MN өргөтгөлтэй домэйн нэрийг эзэмших хүсэлтийг “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-т гаргана.
Домэйн нэр эзэмшигч нь домэйн нэрийг бусдад шилжүүлэх, худалдах, бүртгэлийг шинэчлэх, өөрчлөх, домэйн нэр бүртгэгчийг солих эрхтэй. Харин домэйн нэрийн санд бүртгүүлэх мэдээллийг үнэн зөв бүрэн мэдүүлэх, бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд ажлын 30 өдөрт багтаан шинэчлэх хүсэлтээ домэйн нэр бүртгэгчид хүргүүлэх, Танилт, нэвтрэлтийн нэгдсэн системээр өөрийн бүртгэлийн мэдээллийг баталгаажуулах, Монгол Улсын хууль тогтоомж болон энэ журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх зэрэг үүрэгтэй юм.
Иргэн, хуулийн этгээд нь өргөдөл, гомдол гаргахдаа:
- Өргөдөл, гомдол гаргах болсон шалтгаан, нөхцөлийг агуулсан албан бичиг, өргөдөл;
- Иргэний хувьд иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Энэ журмын Хавсралт 2-т заасан маягтыг бөглөх;
- Өргөдөл, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа талаарх баримт, материал;
- Маргаан бүхий домэйн нэрийг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээний дагуу эзэмшдэг болон эзэмшиж байсан бол энэ талаарх баримт, материалыг тус тус бүрдүүлнэ.
Домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой иргэд, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Зохицуулах хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Өргөдөл гаргагч, эзэмшигч нь Зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болох юм.