БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолоор "Бүсийн зөвлөлийн ажиллах журам"-ыг баталсан бөгөөд бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн  асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
 
Зөвлөл нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Ажлын албатай байна.
 
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга нь зөвлөлийн бүрэлдэхүүнийг Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нийцүүлэн батална.
 
Зөвлөл нь бүсийн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, дэд бүтцийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлтэй уялдуулан дэргэдээ салбар зөвлөлтэй байж болох бөгөөд салбар зөвлөлийн ажиллах журмыг үйл ажиллагааны онцлогтой уялдуулан Бүсийн зөвлөлийн дарга баталж, мөрдүүлнэ. Зөвлөлийн дарга нь салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг батална.
 
Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл:
Зөвлөлийн жилийн төлөвлөгөөг Үндэсний хороо батална. Зөвлөл үйл ажиллагааны тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр Үндэсний хороонд тайлагнана.
 
Зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг тухайн бүсэд хамаарах аймгуудад цагаан толгойн үсгийн дарааллаар жил бүр ээлжлэн зохион байгуулна. Бүсийн өргөтгөсөн хуралдааны бүрэлдэхүүнийг Үндэсний хорооны дарга батална.
 
Зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
Тухайн бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, төсөл, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал;
Бүсийн хөгжлийн нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхэд аймгуудын оролцоо, үйл ажиллагааны төлөвлөлт, уялдааг хангах асуудал;
Бүсийн хэлэлцээрээр зохицуулах асуудал, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх үнэлэлт, дүгнэлт;
Бүсийн хөгжлийн асуудлыг зохицуулах талаар Засгийн газар, Үндэсний хороонд санал тавих, танилцуулга хийх;
Орон нутгийн хөгжлийн төвүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх асуудал;
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймаг, салбар хоорондын уялдааг хангах асуудал;
Бусад бүсийн Зөвлөлтэй хамтран ажиллах асуудал;
Хөрш орнуудын хил залгаа бүс нутгуудтай харилцах асуудал;
Бүс нутгийн хөгжлийн асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн  санал, хүсэлт;
Зөвлөлөөс байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт, Зөвлөлийн гишүүдийн ажлын тайлан, мэдээлэл;
Бүсийн хөгжлийн асуудлаар бүсийн түвшинд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах асуудал;
Бүсийн хөгжлийн талаарх судалгаа, мэдээллийг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх;
 
Зөвлөлийн хурлыг гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцох бөгөөд хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Цөөнх болсон Зөвлөлийн гишүүн саналын үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгаж болно.
 
Ажлын албаны чиг үүрэг
Ажлын алба нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Зөвлөлд дэмжлэг үзүүлж ажиллана.
 
Ажлын албаны чиг үүргийг Зөвлөлийн даргаар ажиллаж байгаа аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүс, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан нэгж эрхлэн хэрэгжүүлнэ. Ажлын албаны зохион байгуулалт, үйл ажиллагааны зардлыг Зөвлөлийн даргаар ажиллаж байгаа аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэнэ.
 
Ажлын алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
Зөвлөлийн болон Үндэсний хорооны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
Зөвлөлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, үйл ажиллагааны тайланг хагас, бүтэн жилээр Үндэсний хороонд хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
Зөвлөлийн болон салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг  бэлтгэх, хэлэлцүүлэх, хурлын үйл явцын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг албажуулах, цаасан болон цахим суурьтай мэдээллийн сан бүрдүүлэх, архивлах;
Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай тоо баримт, мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагуудаас гаргуулан авах, Зөвлөл, салбар зөвлөлийг мэдээллээр хангах;
Зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, оролцоог хангах ажлыг зохион байгуулах;
Зөвлөлөөс нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай харилцах үйл ажиллагааг зохицуулах;