"ОЮУТАН-ЦЭРЭГ"-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаар тогтоолын хавсралтаар “Оюунтан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам”-ыг баталжээ.
 
Энэхүү журмаар цэргийн сургуулиас бусад магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын эрэгтэй оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгуулагын эрэгтэй суралцагчийг сайн дурын үндсэн дээр цэргийн мэргэжил олгох “Оюутан цэрэг” сургалтад хамруулж, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулна. 
 
Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагчийг тухайн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд бүртгэх бөгөөд оюутныг төрийн мэдээллийн нэгдсэн системээр бүртгэнэ. Шаардлагатай бол бүртгэлийн хугацааг 5 хоногоор сунгаж болно.
 
Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын  байгууллагын 1,2,3 дугаар дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцдаг байх;
2. тухайн жилийн 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
3. эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн 1 жилд төлсөн байх;
4. сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх.
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч нь сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын төвийн тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяалах амйаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биечлэн бүртгүүлнэ.
 
Цэргийн штаб нь цэргийн төв эмнэлэг, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн эмнэлэгтэй хамтран сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагчийг Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамруулна. 
 
Сургалтын үйл ажиллагааны ерөнхий удирдлага, хяналтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн удирдлагыг Зэвсэгт хүчний жанжин штаб хэрэгжүүлнэ.
Сургалтыг цэргийн ерөнхий бэлтгэл болон цэргийн мэргэжлийн бэлтгэл гэсэн 2 үе шаттай зохион байгуулна.
 
Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт (2 багц буюу 96 цагийн хичээл)-ыг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Бямба, Ням гарагуудад тус бүр 6 цагаар 8 долоо хоног буюу 2 сарын хугацаанд аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, утхайн орон нутагт байрлах магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагатай хамтран танхимын сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
 
Цэргийн штаб нь сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж, цэргийн тангараг өргөсөн оюутан, суралцагчийг цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэхээр зохицуулжээ. 
 
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn