ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газрын 2025.03.06-ны өдрийн 121 дүгээр Тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг баталсан юм.
Газрын тухай хуульд заасны дагуу газрын гэрчилгээг дараах тохиолдолд олгоно:
- гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй газар эзэмших;
- гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмших, ашиглах;
- газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх;
- газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах;
- хамтран эзэмшигч нэмэх, хасах;
- газар ашиглалтын зориулалт өөрчлөх;
- эзэмшил газрын хэмжээ, байршил өөрчлөх;
- газрын эрхийн төрөл өөрчлөх;
- нэгж талбар нэгтгэх, хуваах;
- эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах;
- сууц өмчлөгчдийн холбоо орчны газрыг ашиглах.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мэдээллийн систем (www.egazar.gov.mn )-ийн иргэд, олон нийтэд зориулсан хэсэгт, эсхүл төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем (e-mongolia), газрын харилцааны үйлчилгээний цахим машин (КИОСК) ашиглан хүсэлтээ цахимаар гаргах бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал эсхүл эрх олгогдсон байгууллага нь хүсэлтийг мэдээллийн системээр дамжуулан хүлээн авч, хуульд заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ.