ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЗААВРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Батлан хамгаалахын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн а/95, а/81 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах зааврыг баталсан.
Энэхүү зааврыг Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /цаашид "цэргийн алба хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг ханган ажиллахад баримтална.
Цэргийн алба хаагчид хуульд заасан нэг удаагийн тэтгэмж тогтоох, олгох, хянах үүргийг тухайн цэргийн алба хаагчийн алба хааж буй цэргийн байгууллага тус бүр хариуцна.
Цэргийн алба хаасан болон тэтгэвэр тогтооход баримтлах хугацааг тооцох тухайд:
Цэргийн алба хаагчид тэтгэвэр тогтооход баримтлах цэргийн алба хаасан хугацааг тооцоход цэргийн байгууллагын холбогдох эрх зүйн байдлын хуулиар зохицуулсны дагуу нэмэгдүүлсэн хугацааг баримтлан алба хаасан нийт хугацааг тодорхойлно.
Цэргийн алба хаагч хэд хэдэн цэргийн байгууллагад сэлгэх болон шилжин алба хаасан тохиолдолд цэргийн байгууллага тус бүрийн алба хаасан хугацааг холбогдох хууль тогтоомжийн дагуу нэмэгдүүлэн тооцож, эдгээр жилүүдийг нэгтгэн цэргийн алба хаасан нийт хугацааг тодорхойлно.
/Санамж№1:Цэргийн алба хаасан хугацааг тооцоход цэргийн байгууллагаас гаргасан ажилласан хугацааны архивын лавлагааг үндэслэн цэргийн алба хаасан хугацааг тухайн цэргийн байгууллага тодорхойлно./
Цэргийн алба хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд энэ зааврын дагуу тооцон гаргасан цэргийн алба хаасан 1 жил тутмыг 6 сараар нэмэгдүүлэн, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Энэ тохиолдолд 12 сар хүрэхгүй хугацааг нэмэгдүүлэн тооцохгүй.
/Санамж№2:Тухайн алба хаагчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш алба хаасан хугацааны сар бүрийн цалин хөлсний баримт нь цэргийн байгууллагын архивын сан хөмрөг эсхүл нийгмийн даатгалын байгууллагын архивд байхгүйн улмаас тодорхойлох боломжгүй бол тухайн цэргийн байгууллага нь уг хугацааны цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн тайланг үндэслэн тухайн цалингаас шимтгэлийг нэхэмжилнэ. Харин алба хаагчийн харьяа цэргийн байгууллага нь татан буугдсан тохиолдолд түүний харьяа дээд байгууллага нь алба хаагчийн төлөгдөөгүй хугацааны шимтгэлийг хариуцна./
Цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад ажиллан албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу өмнө нь нөхөн тооцуулсан, цэргийн алба хаагч эхийн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 настай болтол нь өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сараар шимтгэл төлснөөр тооцсон хугацааг тус тус нэгтгэн, 1 жил тутмыг 6 сараар бодон цэргийн алба хаасан хугацаатай нэгтгэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох нийт хугацааг тодорхойлно. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын газар зөвхөн тэтгэвэр тогтоох үед тухайн иргэний хүсэлтэд үндэслэн эдгээр хугацааг нэгтгэн тооцно.
/Санамж№3:Энэ тохиолдолд даатгуулагчийн сайн дураар даатгуулсан, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу нөхөн төлсөн хугацаа болон 1 жил хүрэхгүй хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохгүй. Түүнчлэн цэргийн хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооход энэ дээрх хэсгийг баримтлахгүй./
Цэргийн тэтгэвэр тогтоох, олгох тухайд:
Хуульд заасан нөхцөлийг хангасан цэргийн алба хаагчид цэргийн алба хаасны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгох бөгөөд цэргийн алба хаагч нь тэтгэвэр тогтоолгох болон ямар банк, дансаар дамжуулан тэтгэвэр авах хүсэлтээ харьяа орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана.
Цэргийн алба хаагчид тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох харилцааг Засгийн газрын 2023 оны 450 дугаар тогтоолоор баталсан "Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам"-ыг баримтална.
Мөн энэхүү заавраар ажил хөдөлмөр эрхэлсэн цэргийн тэтгэвэр авагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг заасан байна.