АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Эрүүл мэндийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 07-ны  өдрийн А/189 дүгээр тушаалын хавсралтаар энэхүү шаардлагыг баталсан бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг тодорхойлох, түүнд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэхүү шаардлагыг баримтална.
 
Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
 
Хөрөнгө оруулалт нь дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
1. Татвар төлөгчийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт өөрийн эсхүл өөр хуулийн этгээдийн элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан бодитой хөрөнгө оруулалт байх;
2. Татвар төлөгчийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1, 8.5-д заасан үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй байх;
3. Татвар төлөгч бусад этгээдэд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд тухайн этгээдтэй төсөл, үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлж, хөрөнгө оруулалт авч буй талын санхүүгийн тайланд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх;
4. Шинээр барьж байгуулах, засварлах, өргөтгөх, тохижилт хийх үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлага, онцлогт нийцсэн түгээмэл загвар бүхий зураг төсөлтэй байхаас гадна, тэгш хүртээмжтэй ашиглах боломжтой байх;
5. Хөрөнгө оруулалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа БНбД,СНиП, БД, МNS-ийн шаардлагыг хангах.
 
Санхүүгийн дэмжлэг, хандив нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Хариу төлбөргүй шилжүүлсэн мөнгөн болон биет хөрөнгө байх;
2. Санхүүгийн дэмжлэг, хандив хүлээн авч байгаа этгээд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хандив олгох татвар төлөгчтэй харилцан хамааралгүй байх;
3. Иргэний хуульд заасныг баримтлан санхүүгийн дэмжлэг, хандивын тусгай зориулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нийцүүлэн тусгасан гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх;
4. Санхүүгийн дэмжлэг, хандив олгосон болон хүлээн авсан этгээд нь тухайн санхүүгийн дэмжлэг, хандивыг гэрээнд тусгасан зориулалтын дагуу тухайн тайлант хугацаанд зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлах болон татгалзахгүй тухайгаа илэрхийлсэн акт үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх;
5. Санхүүгийн дэмжлэг, хандивын зардал нь Татварын ерөнхий хуульд заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх.
/Энэхүү нийтлэг шаардлагад заасан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.1, 13.1.3, 13.1.4, 13.1.5-д заасан хасагдах зардлын шаардлагыг хангасан байна./
 
Албан татварын хөнгөлөлт эдлэх төсөл, арга хэмжээ нь дараах төрөлтэй байна. Үүнд:
1. Эрүүл мэндийн байгууллагын барилга, байгууламж барих, өргөтгөх, засварлах, тохижуулах;
2. Эмнэлгийн барилгын гадна талбайн тохижилт хийх;
3. Эмнэлгийн хэрэгслээр хангах;
4. Эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах;
5. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах;
6. Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг сайжруулах;
7. Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг дэмжих;
8. Судалгаа боловсруулалт, технологи, инновацыг сайжруулах.
 
Дараах тохиолдолд хөнгөлөлт эдлэхгүй. Үүнд:
- Аж ахуйн нэгж нь татвараас зайлсхийх үндсэн зорилгоор ашигласан нь тогтоогдсон тохиолдолд; 
- Аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулагдаагүй, гэрээний хэрэгжилт хангагдаагүй нь тогтоогдсон тохиолдолд.