МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРХ ОЛГОХ БОЛОН ЭРХ СУНГАХ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Уг журмын Монгол улсын сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №А/95 дугаар тушаалаар шинэчлэн баталсан.
Тус журмын зорилго нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон эрх сунгах шалгалтыг зохион байгуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагын шалгалтад тэнцсэн иргэнд Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд тэгш эрх, шударга ёсыг хангах, хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг хадгалах зарчмыг баримтална.
Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар байгуулагдсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон эрх сунгах шалгалтыг зохион байгуулах комисс дарга, нарийн бичгийн даргаас гадна 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд комиссын бүрэлдэхүүнийг 2 жил тутамд нэг удаа шинэчлэн батална.
Их, дээд сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан, их, дээд сургууль, коллежийн нягтлан бодогчийн мэргэжил эзэмшүүлэх хичээлийн програмыг ханган, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, нягтлан бодогчоор дөрвөөс доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан этгээд нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд орох эрхтэй байна.
Шалгалтын комисс нь тухайн жилд авах мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон эрх сунгах шалгалтын товыг тогтоож, шалгалтын тов болон холбогдох мэдээллийг жил бүрийн 3 дугаар сард багтаан Институтийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг Улаанбаатар хотод жилд 2-4 удаа, орон нутагт бүсчилсэн хэлбэрээр 1-2 удаа, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх сунгах шалгалтыг Улаанбаатар хотод жилд 2-оос доошгүй удаа тус тус зохион байгуулна.
Шалгалтын бүртгэлийг институтийн шалгалтын цахим системээр дамжуулан хийнэ.
Шалгалтанд оролцогч нь дараах баримт бичиг, мэдээллийг цахим системд оруулна. Үүнд:
1. Иргэний үнэмлэх эсхүл цахим лавлагаа;
2. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг; /хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/
3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
4. Мэргэжлээрээ ажилласныг нотлох баримт/ажлын газрын тодорхойлолт;
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;
Шалгалтын комисс шаардлагатай тохиолдолд баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, нягтлах эрхтэй.
Цахим системийн бүртгэл шалгалт эхлэх өдрөөс хоёр сарын өмнө нээж, ажлын 10 өдрийн өмнө хаана.
Шалгалтанд оролцогч нь оролчид тавигдах болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн бол бүртгэлийн хуудсыг цахимаар олгох бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалгалт эхлэхээс ажлын 7-оос доошгүй өдрийн өмнө шалтгааныг оролцогчид мэдэгдэнэ.
Шалгалтанд оролцогч нь шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлээ цуцалсан тохиолдолд шалгалтын хураамжийг оролцогчийн хүсэлтээр дараагийн шалгалтад шилжүүлэх, эсхүл буцаан олгоно. Харин оролцогч нь шалгалтад бүртгүүлсэн боловч шалгалтад ороогүй бол шалгалтын хураамжийг буцаан олгохгүй.
Шалгалтын үндсэн хэлбэр нь танхимын хяналттай цахимаар байх бөгөөд зайлшгүй шаардлагатай үед дараах хэлбэрээр шалгалтыг зохион байгуулж болох ба тухайн шалгалтын хэлбэрийг шалгалтын комисс тогтооно. Үүнд:
1. Зайны хяналттай цахимаар;
2. Танхимын хяналттай цаасаар.
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, сунгах шалгалт нь мэргэжлийн болон ахисан түвшний шалгалтаас бүрдэнэ.
Мэргэжлийн түвшний шалгалт нь дор дурдсан бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
1. хууль эрх зүй, татварын бүртгэл, тайлагнал;
2. санхүүгийн менежмент;
3. аудит ба баталгаажуулалт;
4. санхүүгийн тайлагнал;
5. гүйцэтгэлийн удирдлага.
2. Ахисан түвшний шалгалт нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
1. бизнесийн шинжилгээ ба стратеги;
2. корпорацын ба бизнесийн тайлагнал;
3. засаглал, эрсдэл, хяналт;
4. ахисан түвшний санхүүгийн менежмент;
5. ахисан түвшний гүйцэтгэлийн удирдлага.
Мэргэжлийн түвшний шалгалт буюу хууль эрх зүйн, татварын бүртгэл, тайлагнал, санхүүгийн менежмент, аудит ба баталгаажуулалтын шалгалтын үргэлжлэх хугацаа нь 2,5 цаг, санхүүгийн тайлагнал, гүйцэтгэлийн удирдлагын шалгалтын үргэлжлэх хугацаа нь 3,5 цаг байна. Шалгалт тус бүрийн авбал зохих оноо 100 байх бөгөөд 70 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцно. Шалгалтын дүн таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
Мэргэжлийн түвшний бүх шалгалтыг амжилттай өгч тэнцсэн иргэнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг 4 жилийн хугацаагаар олгоно.
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг 4 жилийн хугацаагаар авсан мэргэшсэн нягтлан бодогч нь ахисан түвшний шалгалтыг 2 жил тутамд үе шаттайгаар өгнө. Үүнд:
1. Бизнесийн шинжилгээ ба стратеги, корпорацын ба бизнесийн тайлагналын шалгалтын эрх сунгха 1-р шатанд өгнө.
2. Засаглал, эрсдэл, хяналт, эсхүл ахисан түвшний санхүүгийн менежмент, мөн ахисан түвшний гүйцэтгэлийн удирдлагын шалгалтын аль нэгийг өөрийн сонголтоор эрх сунгах 2-р шатанд өгнө.
Ахисан түвшний шалгалт тус бүрийн үргэлжлэх хугацаа 2.5 цаг байна. Ахисан түвшний шалгалт тус бүрийн оноо 100 байх бөгөөд 70 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцно. Бүх шалгалтаа амжилттай өгч тэнцсэн мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүйгээр олгоно.
Шалгалтанд оролцогч ба бусад этгээдийн гаргасан шалгалттай холбогдох гомдлыг шалгалтын төрөл, онцлогийг харгалзан дараах байдлаар ангилж, хянан шийдвэрлэнэ. Үүнд:
1. шалгалтын бүртгэлтэй холбоотой;
2. шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой;
3. шалгалттай холбоотой бусад.
Шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг мэдэгдэл авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд шалгалтын комисс уг гомдлыг шалгалт эхлэхээс өмнө шийдвэрлэнэ.
Шалгатын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой болон шалгалттай холбоотой бусда гомдлыг шалгалт дууссанаас хойш ажлын хоёр өдрийн дотор шалгалтын комисст бичгээр холбогдох баримтын хамт ирүүлэх бөгөөд шалгалтын комисс нь гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан шийдвэрлэж, хариуг гомдол гаргагчид хүргүүлнэ.
Мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэжлийн түвшний шалгалтад тэнцээгүй бол шалгалт өгснөөс хойш 6 сарын дараа дахин өгч болно.
Ахисан түвшний шалгалтад тэнцээгүй мэргэшсэн нягтлан бодогч нь шалгалт өгснөөс хойш 1 жилийн хугацаанд дахин хоёр удаа шалгалт өгөх эрхтэй.