СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТЫН ЖУРАМ
Уг журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/227 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан.
Тус журмаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтанд зориулсан согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт зохион байгуулахтай холбогдох харилцааг зохицуулна.
Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан арга барилыг үйлчилгээ үзүүлэх ажилтанд төлөвшүүлэх зорилготой ба дараах агуулгын хүрээнд байна. Үүнд:
- Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, хэм хэмжээний актыг таниулах;
- Согтууруулах ундааны нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө, холбогдох хуульд тогтоомжид заасан хариуцлагыг таниулах;
- Согтууруулах ундааны агууламж, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, үйлчлүүлэгчийг осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
- Үйлчлүүлэгч 21 насанд хүрээгүй, бичиг баримтаа шалгуулахаас татгалзсан, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлчлүүлэгчид согтууруулах ундаагаар үйлчлэхээс зайлсхийх арга барил, харилцааны ур чадвар;
- Бусад.
Сургалтыг ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхлэн явуулах ба дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- хуулийн этгээд сургалтын үйл ажиллагааны чиглэлээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн байх;
- сургалт явуулах орчныг бүрдүүлсэн сургалтын танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;
- сургалтын асуудал хариуцсан орон тооны ажилтантай байх ба орон тооны ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан байх;
- сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавх бүхий багшлах бүрэлдэхүүнтэй байх.
Дээрх шаардлагыг хангасан хуулийн этгээд сургалт зохион байгуулах хүсэлтээ Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Ажлын албанд хүргүүлж, гэрээ байгуулна.
Сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг танхимаар эсхүл цахимаар зохион байгуулна.
Сургалтад бүрэн хамрагдсан суралцагчид сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадварыг гэрчлэх батламж олгох бөгөөд батламжийн хүчинтэй хугацаа 3 (гурав) жил байна.
Сургалтын төлбөрийн 50 хувийн зардлыг согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эсхүл суралцагч хариуцна.