ИРГЭНИЙ АЛБАН БУС БОЛОВСРОЛ БОЛОН АМЬДРАЛЫН ОРЧИНД СУРАЛЦАЖ ЭЗЭМШСЭН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ АЛБАН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 253, А/123 дугаар тушаалаар “Иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журам”-ыг баталсан. 
 
Иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулахтай холбогдох (цаашид “мэдлэг чадвар” гэх) харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
Энэхүү журмаар иргэний мэдлэг, чадварыг мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн II-VI түвшинд хүлээн зөвшөөрч, баталгаажуулах харилцааг зохицуулна. Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн I болон VII түвшний мэдлэг, чадварыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулахгүй.
 
Эзэмшсэн мэдлэг, чадварыг хүлээн зөвшөөрөх нь иргэнээс ирүүлсэн нотлох баримтыг бүрдүүлэх, түүнд дүгнэлт хийх, дүгнэлтэд үндэслэн мэдлэг, чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээ хийх, үнэлгээний үр дүнг тайлагнах үйл ажиллагаанаас бүрдэнэ.
 
Хүсэлт гаргах
Иргэн мэдлэг, чадвараа албан боловсролын зохих түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулах хүсэлтээ харьяалах аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төв (цаашид “төв” гэх)-д гаргана. Харин алслагдсан сум, багийн иргэн хүсэлтээ тухайн суман дахь албан бус боловсролын багшаар дамжуулан төвд гаргаж болно.
 
Иргэн хүсэлтээ гаргахад доор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:
- Өргөдөл;
- Төрсний гэрчилгээ эсхүл иргэний үнэмлэхийн хуулбар (лавлагаа);
- Иргэн боловсролын сургалтын байгууллагад өмнө нь суралцаж байсан бол нотлох баримт бичиг (эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувь)-ийн хамт;
- Иргэн амьдралын орчноос сурсан мэдлэг, чадвар эзэмшсэнийг нотлох баримт (бүтээлийн сан, ажлын байрны тодорхойлолт, тухайн улсад ажилласныг тодорхойлох баримт, зураг, дүрс бичлэг, бусад)-ийн хамт.
 
Иргэн албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн ерөнхий боловсролын мэдлэг, чадварыг хүлээн зөвшөөрүүлэх үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд ажлын хэсэг иргэний бүрдүүлсэн нотлох баримтад үндэслэн цаг хугацаанаас үл хамааран үнэлгээ хийж, Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн II-VI түвшинд үнэлж,  дүгнэлт гарган, хүсэлт гаргасан иргэнд мэдлэг, чадвараа хөгжүүлэх, суралцах, боловсрол нөхөн эзэмшихтэй холбоотой зөвлөмжийг санал болгож болно.
 
Үнэлгээний үр дүнг 100 хүртэлх оноогоор дүгнэх ба 65-аас доош оноотой үнэлэгдсэн иргэний мэдлэг, чадварыг сургалтын хөтөлбөрийн зорилт дахь мэдлэг, чадварын түвшинд хүрээгүй гэж дүгнэнэ. Үнэлгээний үр дүн 65-аас дээш оноотой бол иргэний албан бус боловсрол, амьдралын орчинд эзэмшсэн мэдлэг, чадварыг хүлээн зөвшөөрч, аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга албан ёсоор шийдвэр гаргаж, Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
 
Иргэний мэдлэг, чадварыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах үйл ажиллагаатай холбоотой гарсан аливаа гомдлыг зохион байгуулсан тухайн өдөрт багтаан үнэлгээний багт гаргаж ажлын 5 хоногт шийдвэрлэнэ.