ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяналт-шинжилгээ хийх журам”-ыг баталжээ.
 
Энэхүү журмаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийхтэй холбоотой харилцааг зохицуулна. 
 
Энэ журмыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 8.1.3-8.1.12 болон 8.2-т заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд оролцогч байгууллагууд дагаж мөрдөх бөгөөд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 8.1.3-8.1.12 болон 8.2-т заасан байгуулагуудыг тус бүр нэрлэвэл: Үүнд:
8.1.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд доор дурдсан оролцогч оролцоно:
8.1.3.Монгол Улсын Засгийн газар;
8.1.4.үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
8.1.5.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
8.1.6.төрийн захиргааны төв байгууллагууд;
8.1.7.Үндэсний статистикийн хороо;
8.1.8.төрийн аудитын байгууллага;
8.1.9.төв банк;
8.1.10.аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга;
8.1.11.аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;
8.1.12.Үндэсний хөгжлийн хүрээлэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага;
8.1.13. бусад төрийн захиргааны байгууллага, шинжлэх ухааны төв байгууллага, төрийн өмчит хувьцаат компани, сан, Хөгжлийн банк, төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хуулийн этгээд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцоно.
 
Байгууллага бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн, хяналт-шинжилгээний асуудал хариуцсан нэгж, ажилтан (баг)-д тогтоосон хугацаанд хүргүүлнэ. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахдаа хэрэгжилтийн явц, үр дүнг тухайн тайлант хугацааны болон өссөн дүнгээр тус тус тайлагнана.
 
Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнг гарцын нөлөөгөөр бий болсон, эсхүл бий болох эерэг болон сөрөг өөрчлөлтөөр тодорхойлно. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийхдээ хэрэгжих хугацаа дууссан, хугацаа дуусаагүй буюу хэрэгжиж байгаа гэж ангилж, дүгнэнэ.
 
Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайлан илгээх, хүлээн авах, үнэлгээ, хяналт-шинжилгээ хийх, мэдээллийн усргалыг удирдах, хяналтыг хэрэгжүүлэхэд нэгдсэн системийг ашиглана. Энэ журамд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтан холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

 

Эх сурвалж: Төрийн мэдээлэл 2025 он 09 дүгээр сарын 09 №36 (1381)