МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг шинээр олгох, бататгах, ахиулах болон хүчингүй болгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар байна.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам нь багш, арга зүйч, сургалтын менежер, захирал зэрэг албан тушаалтанд олгогдох бөгөөд тэдний мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүн, манлайллыг үнэлж баталгаажуулах, мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд ил тод, шударга, ашиг сонирхлын зөрчилгүй зарчмаар хэрэгжинэ.
Мэргэшлийн зэрэг нь “Заах аргач”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” гэсэн шатлалтай, таван жилийн хугацаанд хүчинтэй байх ба “Тэргүүлэх” зэргийг гурван удаа, “Зөвлөх” зэргийг нэг удаа бататгасан тохиолдолд тухайн хүний ажиллах хугацаанд байнгын хүчинтэйд тооцогдоно. Зэрэг олгох шалгуурт багш мэргэжилтэй эсвэл багшлах эрхийн гэрчилгээтэй, сургалтын байгууллагад гурваас доошгүй жил үндсэн орон тоонд ажилласан байх, албан тушаалын шаардлага хангасан байх, сүүлийн нэг жилд ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа гаргаагүй байх, өмнөх зэрэг хүчинтэй байх, багш нарын хурлын оролцогчдын 80-аас дээш хувь дэмжсэн байх зэрэг нөхцөл багтаж байна.
Зэрэг олгох үйл ажиллагаанд “Заах аргач” зэргийг сургуулийн захирал, “Тэргүүлэх” зэргийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, “Зөвлөх” зэргийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэж, багш нар хүсэлт болон шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж боловсролын салбарын цахим системд байршуулсны дараа ажлын хэсэг нотлох баримтыг шалган үнэлгээ, санал дүгнэлт гаргаж шийдвэр гаргахаар байна.
Хүсэлт гаргах эцсийн хугацаа дөрөвдүгээр сарын 15 бөгөөд шийдвэрийг тавдугаар сараас зургаадугаар сарын хооронд шат дараатайгаар гаргана. Багш, суралцагч нь олон улсын тэмцээн, олимпиадад шагналт байр эзэлсэн бол хугацаанаас өмнө зэрэг олгох боломжтой бөгөөд багшийн хөгжлийн сургалтанд хамрагдан амжилттай төгссөн тохиолдолд шалгуурын нэгийг биелүүлсэнд тооцогдоно гэжээ. Хэрэв зэрэг ахиулах шалгуур хангагдаагүй бол өмнөх зэрэг нэг жилийн хугацаагаар сунгагдах бөгөөд нэгээс олон удаа сунгах боломжгүй. Ийнхүү энэхүү журам нь багш, удирдах ажилтны мэргэжлийн чадамж, ажил хөдөлмөрийн үр дүнг тогтмол үнэлэх, ахиц дэвшлийг нь урамшуулах үндсэн зорилготой байхаар байна.