ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар нь 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/705, А/205 дугаар тушаалын хавсралтаар “Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээ”-г баталсан.
Дээрх тушаалыг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль /2012/-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хоногт 50 шоометрээс бага, аюултай бохирдуулах бодис агуулаагүй хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг үйлдвэр, үйлчилгээний салбар бүрээр усны хэрэглээний норм, хүчин чадал, ашиглалтын горимыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно” гэж заасныг үндэслэн баталсан байна.
Уг “Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээ”-г тогтоох журамд үйлдвэрлэлийн 33 төрөл, үйлчилгээний 7 төрөл, нийгмийн үйлчилгээ болон бусад буюу эрүүл мэнд, боловсролын байгууллагууд гэх нийт 42 төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг нэрлэн зааж, тус бүрээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг тодорхойлсон байна.
Энэхүү журам нь өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/816, 218 дугаар тушаалын хавсралтаар тогтоосон жишиг хэмжээнээс 11 шинэ төрлийн үйлдвэрлэлийг нэмж зааж өгснөөрөө онцлог юм.