ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАЛААРХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА

            2015   оны   06   дугаар   сарын   19-ны   өдөр   Захиргааны   ерөнхий   хууль   шинээр батлагдсан. Үүнтэй холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагдсан бөгөөд, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохицуулсан нэмэлт өөрчлөлт орсон байна.

 

            Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр (шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр)-ийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүрэгтэй.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  албадан гүйцэтгэх бөгөөд  захиргааны байгууллагын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

Дараах тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана. Үүнд:

·         Хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан;

·         Шүүгч шийдвэрийг даруй биелүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хэргийн оролцогчийн хүсэлтээр дараах шийдвэрүүдийг албадан гүйцэтгэнэ.

·         Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр;

·         Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж;

·         Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол;

·         Шүүхийн зардал тогтоосон шүүгчийн захирамж;

·         Шүүгчийн шийтгэвэр;

·         Хуульд заасан бусад тохиолдол;

Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд дараах тохиолдолд шүүхийн шийдвэрийг даруй гүйцэтгэнэ.

·         Төрийн албан хаагчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон;

·         Ажил, албан тушаалаас буруу халсан, эсхүл шилжүүлсэн үеийн олговор олгуулах тухай шийдвэр гаргасан;

·         Захиргааны актыг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон;

·         Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаанаас хамаарч иргэн, хуулийн этгээдэд ноцтой хохирол учирахаар бол түүний хүсэлтээр;

·         Хуульд заасан бусад тохиолдолд 

Хэргийн оролцогч захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захиргааны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүхэд гаргах бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүх хяналт тавина.

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна. Шүүхийн гүйцэтгэх хуудаст дараах зүйлcийг тусгана. Үүнд:

·         Гүйцэтгэх хуудас олгосон шүүхийн нэр;

·         Гүйцэтгэх хуудас бичсэн шүүгчийн нэр, олгосон он, сар, өдөр;

·         Гүйцэтгэх хуудас олгож байгаа шийдвэрийн он, сар, өдөр, дугаар;

·         Шийдвэрийг гүйцэтгэвэл зохих этгээдийн нэр, хаяг, албан тушаал;

·         Шийдвэрийг гүйцэтгэх арга, журам, хугацаа;

·         Шийдвэрээр эрх, хууль ёсны ашиг нь хамгаалагдсан этгээдийн нэр, хаяг.

Гүйцэтгэх хуудсыг бичсэний дараа шүүгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэлх хоногоор тогтоож, энэ тухай мэдэгдэл гаргаж мэдэгдлийг 3 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих этгээдэд хүргүүлнэ.

Шүүхийн мэдэгдэлд заасан хугацаа дуусмагц шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг холбогдох этгээд тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй бол гурав хоногийн дотор албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлтийг шүүхэд хүргүүлнэ.

Шүүхийн мэдэгдэлд албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх хугацаа болон  шүүхээс тогтоосон хугацааны дотор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд авах албадлагын арга хэмжээ болон оногдуулах хариуцлагын талаар тусгана.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд шүүгч торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэвэр гарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.

Торгох шийтгэл оногдуулсан шүүгчийн шийтгэвийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан даруйд хэрэгжүүлнэ.

Хэрэв хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн шийдвэрийг шүүхийн мэдэгдэлд заасан хугацаанд биелүүлээгүй нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг 14 хоног хүртэлх хугацаагаар сунгаж болохоор зохицуулсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.