ЖОЛООЧИЙН ДААТГАЛИЙН ТУХАЙ

            Жолоочийн даатгалын тухай хууль нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн байна. Энэ хуулиар жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.

            Жолоочийн даатгалд тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр заавал хамруулна.

            Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно.

            Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна.

            Даатгалд үл хамрагдах нөхцөл:

·         Замын хөдөлгөөнд оролцдоггүй байлдааны тусгай зориулалттай болон мөрдөх алба, тахар, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй;

·         Хохирогч нь энэ хуулиар тогтоосон хэмжээнээс давсан хохиролыг жолооч болон гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн бол уг давсан хэсэгт үйлчлэхгүй;

·         Монгол улс гишүүнээр нь элсэн орсон олон улсын албан журмын даатгалын холбооны гишүүн орны даатгалын эрх бүхий байгууллагад даатгуулсан этгээд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй байж болно;

·         Захиргааны хариуцлага ногдуулах эрх бүхий этгээд нь албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг жолоодон төрийн байгууллагад хүргэх, зөөж, шилжүүлэхэд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй байхаар хуульчилж өгсөн байна.

                        Даатгалын тохиолдолд үл хамаарах хохирол:

·         сэтгэл санааны хохирол;

·         хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;

·         даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;

·         энэ хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол хамаарахгүй байна.

 

Нөхөн төлбөр олгох нөхцөл:

            Даатгагч, жолоочийн даатгалын сан нь хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолт зэргийг үндэслэн тогтооно.

            Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч, жолоочийн даатгалын сан нь хохирлын хэмжээг тодорхойлсон журмын дагуу нөхөн төлбөрийг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

            Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутайн тогтоогдсон тохиолдолд  хохирлын хэмжээг тодорхойлсон журмын дагуу нөхөн төлбөрийг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохиогчид олгоно.

 

Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл:

            Дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:

·         хохирогчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дзүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;

·         даатгалын тохиолдол гарсан талаар шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос;

·         даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн даатгуулагчаас;

·         даатгуулагч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагчаас;

·         хуульд заасан бусад тохиолдолд буруутай этгээдээс;

                Жолоочийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол даатгалын хяналтын улсын байцаагч хянан шалгагч болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч уг буруутай этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.