МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАССПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРМЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАССПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 126 дугаар тогтоолоор Монгол улсын үндэсний энгийн гадаад пасспорт олгох, эзэмших, хадгалах журмыг баталсан. Уг журмаар Монгол Улсын үндэсний энгийн гадаад пасспорт олгох, эзэмших, хадгалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан байна.
Энгийн гадаад пасспортыг гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах Монгол улсын иргэнд олгох ба 5-10 жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байна. Мөн иргэн хоёр хүртэлх энгийн пасспорттой байж болох ба 16 хүртэлх насны хүүхдэд 5 жилийн хугацаатайгаар олгохоор заажээ.
Энгийн гадаад паспортыг Улсын бүртгэл, Статистиктйн ерөнхий газар түүний орон нутаг дахь салбар, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар олгож, хяналт тавьж ажиллана.
Энгийн гадаад пасспорт авах хүсэлтэй иргэд хүсэлтээ биечлэн гаргах бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх;
- 16-аас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээ, түүний хууль ёсны асран хамгаалагчийн иргэний үнэмлэх;
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
Хэрэв Дипломат төлөөлөгчийн газарт дээрх хүсэлтийг гаргасан тохиолдолд дипломат шуудангаар Улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, түүнийг шаардлага хангасан гэж үзвэл энгийн гадаад пасспортыг дипломат шуудангаар тухайн Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлж олгоно.
Мөн энэхүү журманд Хил орчмын нутагт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэхийг олгохоор заасан байх ба тухайн үнэмлэхийг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газартай байгуулсан олон улсын гэрээнд заасан хил орчмын сумдын оршин суугчдад олгоно.
Иргэн хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх авах хүсэлтээ бичелэн гаргах бөгөөд дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх;
- Цээж зураг 2 хувь /3,5х4,5 см-ийн хэмжээтэй, цагаан дэвсгэртэй/;
- Төлбөр төлсөн баримт.
Энгийн гадаад пасспортыг үрэгдүүлсэн, гэмтээсэн, бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан, хуурамчаар үйлдсэн тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заажээ.