ЭД МӨНГӨНИЙ ХОНЖВОРТ СУГАЛААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

ЭД МӨНГӨНИЙ ХОНЖВОРТ СУГАЛААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл,  шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг” хэлнэ гэж заасан байна.

Мөн уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно”, 15 дугаар зүйлийн 15.4-д санхүү, эдийн засгийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг зааж өгсөн бөгөөд 15.4.4-д “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яамнаас олгоно.

Түүнчлэн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан.

Иймд эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авахдаа Сангийн яаманд өргөдөл болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас дээрх хуульд зааснаар 21 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн эрхийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэн хариу ирүүлнэ.

Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад төлөх тэмдэгтийн хураамжийн хэмжээ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д зааснаар 240 000-600 000 төгрөг байна.

Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлнэ[1]. Үүнд:

  1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл. /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурдах/;
  2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэх;
  3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Сугалааны нөхцөл буюу үйл ажиллагаа эрхлэх төсөл;
  2. Хүсэлт гаргагчийн аудитаар баталгаажуулсан сүүлийн улирлын тайлан баланс;
  3. Татварын өр төлбөртэй эсэх талаарх харилцагч банкны баталгаа;
  4. Сугалаанаас олсон орлогыг хуваарилах норматив;
  5. Сугалааны тасалбар, эсхүл сугалааны нөхцлөөр тохирсон бусад баримт бичгийн загвар, түүнд тавигдах шаардлага, түүн дээр буулгасан бичиг, зураг, эсхүл тэмдэг, сугалааны тасалбарыг дууриалган хуулбарлахаас сэргийлэх арга;
  6. Сугалааны хонжворыг олгох, төлөх үед билетийг шалгах магадлах дүрэм;
  7. Сугалаа зохион явуулах техник, эдийн засгийн үндэслэл, сугалаа зохион явуулахтай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр, сугалааны орлогын урьдчилсан тооцоо;
  8. Сугалаа борлуулах зах зээлийн судалгаа;
  9. Сугалааны тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд;
  10. Тараагдсан болон тараагдаагүй сугалааны тасалбарыг бүртгэх журам;
  11. Тараагдаагүй тасалбарыг хураан авах, хадгалах устгах журам;
  12. Тодорсон ялагч нь шаардаж аваагүй хонжворыг хадгалах журам, хонжвор олгох хугацаа дууссаны дараа тэдгээрийг хүлээлгэн өгөх журам;

Хэрэв эд мөнгөний хонжворт сугалааг цахим хэлбэрээр явуулах бол төсөлд энэ талаар дэлгэрэнгүй, энгийн байдлаар ойлгомжтойгоор тайлбарлаж, операторуудтай хийсэн гэрээгээ хавсаргаж ирүүлнэ.

Дээрх баримт бичгийг үндэслэн Сангийн яамны сайдын тушаалаар 3-аас доошгүй жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг олгодог.