НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ТУХАЙ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ТУХАЙ
Өндөр насны тэтгэвэр авах эрх яаж үүсдэг вэ?
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаан дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно.
Төр, аж ахуй нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлсөн тохиолдолд шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч нь байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа;
- Цэргийн жинхэнэ албыг, байлдагч, түрүүчээр хаасан хугацаа;
- Хүүхдээ асарсан хугацаа;
- Хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа
- Хууль бус ажлаас халагдсан хугацаа
- Дайчилгааны хугацаа
- Хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа
2017-01-01-ний өдрөөс хойш малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно.
Нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Мөн 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн 50 нас хүрсэн эх өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Ажлын нөхцлөөс хамааран тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх тохиолдол:
Газар дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч дараахь нөхцлийг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүснэ:
- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын дор ажиллаж 55 нас хүрсэн эрэгтэй,
- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, 55 нас хүрсэн эрэгтэй, мөн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар халуун нөхцөлд ажиллаж 50 нас хүрсэн эмэгтэй.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй шимтгэл төлсөн нийтдээ хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.
Нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгох эрх дараахь тохиолдолд үүснэ:
- Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин,
- Бүгжин
- Агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин
- Зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин,
тэтгэврийн даатгалын шимтгэлийг нь 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дээр дурьдсан мэргэжлээр ажилласан даатгуулагч, 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаа:
Даатгуулагч нь тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч нь тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа гаргах эрхтэй.
Тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлэнэ.
Тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:
Даатгуулагч тэтгэвэр тогтоолгоход дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
- Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт.
Тэтгэвэр олгох:
Нийгмийн даатгалын байгууллага үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно.
Тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоох:
Хуурамч бичиг баримт бүрдүүлснээр тэтгэвэр тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.