ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ

   Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааг зохицуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Улсын Их Хурал 2016.05.19-ний өдөр баталлаа.

   Хууль зүйн байнгын хороо 2016.05.19-ний өдрийн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 7 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн байна.

   Байнгын хорооны саналаар хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын “бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал” гэснийг “бэлгийн халдашгүй байдал” гэж өөрчилж, “Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг” гэсэн төслийн 22 дугаар зүйлийг хасахаар болов. Мөн төслийн “Цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг” гэсэн 26 дугаар зүйлийг өөрчлөн найруулахаар болов. Ингэснээр цагдаагийн байгууллага нь Цагдаагийн албаны тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаарх бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах, эдгээр мэдээллийг хүлээн авч шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах 24 цагийн утас ажиллуулах, мөн тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн нэгжтэй байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг хүлээх юм.

   Ингээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 44 нь буюу 91.7 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжиж баталлаа.

                                 Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс