ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОТОЙ ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫН ТУХАЙ
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрлөлт оруулах тухай хууль нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан.
Энэхүү хуульд дараах нэр томьёотой холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулсныг дурдвал:
Эмнэлгийн мэргэжилтэн гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгох /3.1.5./,
Эмнэлгийн бусад мэргэжилтэн гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдахгүй бусад мэргэжилтнийг ойлгох/3.1.20./,
Сэргээн засах гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг ойлгох /3.1.21./,
Үндсэн мэргэшил гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн их эмчийн анагаахын ухааны нэг салбарын чиглэлээр дагнан ажиллах мэдлэг, чадвар, дадлыг ойлгох /3.1.22./,
Төрөлжсөн мэргэшил гэж аангаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн эмнэлгийн мэргэжилтний анагаахын шинжлэх ухааны нэг салбарын нарийвчилсан төрлөөр ажиллах мэдлэг, чадвар, дадлыг ойлгох /3.1.23./,
Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг гэж төрөлжсөн мэргэшлээр улсын хэмжээнд эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэн эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий байгууллага байна /16.16/,
Сувилахуйн төв гэж байнгын асаргаа сувилгаа шаардах ахмад настан, архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх төв. /16.17/